Saturday, July 18, 2015

ЯПОНЫ ОВСГООТОЙ БИЗНЕСМЭН, ТОП МЕНЕЖЕР КЭЙЧИРО ТОЁОДА (KEICHIRO TOYODA)





Кэйчиро Тоёода ( Keichiro Toyoda) – болбоос Японы алдартай бизнесмэн, «Toyota Motor Corporation» -ыг үндэслэгч, цаашдын хөгжлийн суурь үндсийг тавигч нэгэн юм. Тоёода суут сэтгэгч, бизнесмэн, шинийг санаачлагчийн аль нь ч байсангүй ээ. Тэрээр эцгийг ажил хэргийг шинэ шатанд гаргасан овсгоотой нэгэн байв. 

1894 оны зургаадугаар сарын 11 нд төрсөн. Алдартай «Toyoda Automatic Loom Works» компанийг үүсгэн байгуулагч, Японы аж үйлдвэрийн эцэг гэгдэх Сакичи Тоёодагийн том хүү болно.
Кэйчиро хүүхэд байхын л сул дорой биетэй, өвчин ээрдэг нэгэн байсан бөгөөд гэр бүлийн бизнесээ энэ хүү эрхлэн алдар хүндийн оргилд хүргэх тухай хэний ч ухаан бодолд багтахааргүй байсан бизээ.
Сакичи Тоёода нэхмэлийн аж үйлдвэр удаан хол явахгүй бөгөөд дэлхий ертөнц бүхэлдээ өөрчлөгдөж, өөрөө явагч машины эрин үе ирнэ гэдэгт итгэж байлаа. Тиймээс ч өөрийн хүүд Японы автомашины анхны үйлдвэрийн шавь тавих эрхэм бөгөөд түүхэн үүргийг оноожээ.
Өөрийн хүссэн зүйлээ хийж, амжилт олох хэрэгтэй гэж үзсэн учир хүүдээ гэр бүлийн тогтсон бизнесээ өвлүүлэх сонирхол Сакичид байсангүй ээ.
Бага балчир Тоёода Токиогийн Эзэн Хааны Их Сургуульд суралцаж, машин, механизмийн мэргэжилтэй болжээ. Эцгийнхээ үйлдвэрт ажилласан туршлага их сургуулийн танхмаас олсон мэдлэгээ бататгахад онцгой чухал байсан талаар хожим Кэйчиро дурсамжидаа өгүүлсэн байдаг.
Тоёода хэрхэн ажил хэргээ эхэлсэн бэ

1931 онд Сакичи Тоёода нас барав. Эцгийнхээ нэхмэлийн үйлдвэр дээр тулгуурлан 1933 онд компанийхаа дэргэд өөрөө явагч автомашин үйлдвэрлэх хэлтэс байгуулсан байна. Уг шийдвэр нь гэр бүлийн бизнест томоохон өөрчлөлт авчирсан түүхтэй. Улмаар 1935 онд анхны туршилтын “А1” загварын өөрөө явагч техникийг бүтээжээ. Гэхдээ энэ үед хэний ч толгойд саяхан байгуулагдсан хэлтэс «Toyota Motors» хэмээх дэлхийн хүчирхэг автомашин үйлдвэрлэгч корпораци болно гэх бодол ороогүй нь лавтай.
1937 онд «Toyota Motors»  компани «Toyoda Automatic Loom Works» компаниас бүрэн тусгаарлаж бие даах болжээ.
Бензин хөдөлгүүрт өөрийн загварын автомашиныг хэрхэн бүтээх вэ гэсэн асуулт тулгарсан тул Кэйчиро Тоёода АНУ, Европын орнуудаар айлчилж, өгүүлэн буй үеийн техник, технологийн ололттой нэг бүрчлэн танилцжээ.
Үйлдвэрийн зарим нэг тоног төхөөрөмжийг борлуулах замаар анхны автомашин үйлдвэрлэх мөнгөө босгосон гэдэг. 

Милитарист Японы засгийн газартаа удаан хугацаанд хамтран ажиллаж байсан нь дайны дараах тус компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, 1949 он хүртэл дампуурахын эрмэгт тулж иржээ. Тоёода энэ үед нэг талаас мөнгө, хөрөнгө хэмнэх, нөгөө талаас, бүтээмж бий болгох хоёр талтай үйл ажиллагааны зарчим тунхаглаж үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн байна. Гэвч Кэйчиро Тоёода Үйлдвэрчний Эвлэлтэй харилцаагаа хэвийн болгож чадаагүй улмаас 1950 оны зургаадугаар сарын 5 нд арга буюу компаниа үр хүүхдэдээ шилжүүлсэн бөгөөд түүний хүүхдүүд нь уг үйлдвэрийг залгамжлан амжилттай удирдах болжээ. Тэрээр 1952 онд бие баржээ.

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...