Wednesday, November 15, 2017

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн технологи гэх утгаар нэвтрүүлсэн, нийгмийн үүдлэгт хэрэглэсэн хүн бол Америкийн улс төрийн зүтгэлтэн, сенатор, Массачусэтс муж улсын амбан захирагч, АНУ-ын тав дахь дэд ерөнхийлөгч асан Элбриж Т. Жэрри (1744-1814 он) гэгч билээ. Төрийн эрх мэдлийг баригч улс төрийн хүчний бүтцэд зохиомол өөрчлөлт оруулах зорилгоор сонгуулийн тойргийн хилийн цэсийг дур мэдэн гажуудуулах улс төрийн ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагааны нийлбэр цогцыг жерримендеринг гэж нэрлэдэг. Уг үйл ажиллагаа нь сонгогчдын сонгуулийн тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчдөг муу талтай. Нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, засаг захиргааны хуваарилалт жигд бус хийгдсэн, мажоритари сонгуулийн тогтолцоотой орнуудад жерримендеринг технологи хүчтэй хэрэглэгддэг байна.
Хүчтэй намын тогтолцоотой, парламентын засаглал бүхий орнуудад түгээмэл хэрэглэгдэх болсон. Сөрөг намд цөөн тооны суудал өгч, парламент буюу хууль тогтоох хуралд үнэмлэхүй олонх болох зорилгоор эрх баригч нам нь Англи, Франц, Герман, АНУ, Филиппин, Кувейт, Судан, Турк, Сингапур, Балба, Мальта, Малайз зэрэг зэрэг орнуудад жерримендеринг технологийг хэрэглэж байв.
АНУ-ын хувьд хар арьст сонгогчдын саналын луйвардах, тэдний төлөөллийг хууль тогтоох хуралд сонгуулахгүй байх зорилгоор энэ технологийг хэрэглэж байсан. Хар арьст хүн ам зонхилсон тойрогт цөөнх болсон цагаан арьст хүн амын саналыг чухалчлах үүднээс жерримендеринг технологийг хэрэглдэг. Үр дүнд нь хар арьст сонгогчдын санал хүчгүйдэж, хууль тогтоох хуралд тэдний төлөөлөл сонгогдож чаддаггүй байна. Мэдээж хэрэг, Флорида мэтийн зарим муж улсад цагаан арьст сонгогчдын саналыг хүчгүйдүүлэх, хар арьст сонгогчдын саналыг ноёлуулах зорилгоор ийм технологи хэрэглэж байсан тохиолдол бас байна.
1812 онд Элбриж Т. Жэрри энэ технологийг анх хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь Сенатад Ардчилсан-Бүгд Найрамдах Нам 40 суудлын 29-ыг авсан бол Холбооны Үзэлтнүүдийн Нам ердөө 11 суудал авч байжээ. Хэдийгээр сонгогчид Холбооны Үзэлтнүүдийн Намд үнэмлэхүй олонх нь санал өгсөн ч ийм үр дүн гарчээ.
Монгол улсын тухайд жерримендеринг технологийг Ардчилсан Нам, Монгол Ардын Нам харилцан үгсэн тохиролцох байдлаар 2016 оны сонгуульд хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь, зарим улс төрийн хүчний хувьд санасан үр дүнгээ авч чадалгүй ялагдал хүлээсэн юм. Улс орон болгоны сонгогчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголын сонгогчид нутгаар талцах, нэр дэвшигчээс гадна намын бодлого, нэр хүндийг чухалчилж үздэг онцлогтой. Эдгээр зүйлийг дутуу тооцож үзсэнээр тооцсон үр дүндээ хүрээгүй байх магадлалтай.

ТОЛМОЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

No comments:

Post a Comment

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...