Thursday, May 14, 2015

ЛЕКЦИ № 1 МЕНЕЖМЕНТИЙН УХААНЫ ҮҮСЭЛ, ХӨГЖИЛ





Менежмент (Management) гэх үг анх 1589 онд Европ хэлний үгийн санд орсон боловч Оксфордын тайлбарт 1670 онд хэрэглэсэн хэмээн бичжээ.Харин manager хэмээх үг 1588 оноос нийтийн хэрэглээнд ашиглагдах болсон. Менежмент хэмээх үг нь орчин цагийн хэлэнд удирдлага, жолоодлого, зарим тохиолдолд бүр засаглал гэсэн утгаар ойлгогддог байна.
Менежмент гэсэн үг нь Англи хэлний to manage буюу удирдан чиглүүлэх, Латин хэлний manu agereбуюу гараар зангах, чиглэл өгөх, Франц хэлний manageu буюу жолоодох гэсэн үгнүүдийн бүтээвэр юм. Италид дундад зууны үед үйлдвэр эрхлэх, худалдаа наймаа хийх, өмч хөрөнгө хариуцан ажиллах хүнийг manneggiare хэмээн нэрлэдэг байснаас өнөө цагийн менежмент, менежер гэсэн ойлголтууд бий болжээ.
Эртний Грект удирдлагын ухааныг урлагийн түвшинд ойлгож, демагоги хэмээн нэрлэдэг байсан ба үүнийг хөгжүүлэхэд гүн ухаантан Платон (Plato) томоохон хувь нэмэр оруулж, үйлдвэрлэлийн үйл явцыг төрөлжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзсэн байдаг. Мөн түүний багш, Грекийн долоон мэргэний нэг Сократ (Socratus) үйл ажиллагааны янз бүрийн салбар дах манлайлагчдын үйл байдлыг шинжлэн судлаад хүнтэй харьцах арга нь нийтлэг шинжтэй юм гэсэн зарчмын дүгнэлт хийжээ. “Хамгийн гол нь шаардлагатай хүнээ хэрэгтэй газар нь зөв байршуулж, тавьсан зорилгодоо хүрэх явдал мөн” гэжээ.
Эртний Ромд гүн ухаантан Катон (Katon) газар эзэмшигч патрициудад дараах зөвлөмж өгсөн байдаг. Өөрсдийн газар ажиллаж буй плебэй нарт хийх ажлуудыг нь нарийн хуваарилж өгөх мөн ажлаа хийснийх нь сүүлээр нэг бүрчлэн танилцах, ажлаа хийж амжаагүй бол ямар учраас цалгардсан болохыг тодлох, жил, жилээр ажлын төлөвлөгөө гаргах хэрэгтэй гэсэн санаануудыг зөвлөсөн байдаг.
Удирдлагын сэтгэлгээний түүхэнд томоохон хувь нэмэр оруулсан их хүн бол Италийн гүн ухаантан, улс төрийн зүтгэлтэн Н. Макиавелли (Nicolla Machiawelli, 1513) болно. Хаан хүний ухааны царааг тодлох хамгийн төгс арга нь түүний тойрон хүрээлэгчид өөрөөр хэлбэл түүнд ямар ухаан, билэг бүхий хүмүүс ойр шадарлаж байгааг тогтоох явдал мөн. Хэрэв ухаан төгс, чадвартай хүмүүс хүрээлэх аваас түүний удирдах чадварт эргэлзэх хэрэггүй. Хэрэв хаан хүн башир мулгуй, өөрийн аминч сонирхлыг урьтал болгох хүнийг дэвшүүлэн хэрэглэвэл улс орон зүдрэх болно гэсэн байдаг.
Б. КарлофАжил хэргийн стратеги” бүтээлдээ өнөө цагийн удирдлагын ухаан олон мянган жилийн туршид бүрэлдэн тогтсон гэх баримтыг өгүүлсэн байдаг. Энэхүү баримтыг хүснэгтлэн дор хавсаргав.
Удирдлагын ухааны он цагийн хэлхээс

Он жилүүд
Хувь хүн буюу бүлэг
Менежментийн ухаанд оруулсан хувь нэмэр
МЭӨ 5000 он
Шумерчууд
Баримтуудыг дугаарлаж, бичиг үсэг үүсгэсэн
МЭӨ 4000 он
Эртний Мисир
Төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн
МЭӨ 2600 он
Эртний Мисир
Удирдах байгууллагад төвлөрлийг сааруулах үзэгдэл бий болгосон
МЭӨ 1800 он
Хаммураби хаан
Ажлын хөлсний доод түвшинг тогтоох, хяналт хэрэгжүүлэхэд гэрч, бичиг баримт ашиглах мөн хариуцлага хүлээлгэх оролдлогыг сэдсэн
МЭӨ 1491 он
Еврейчүүд
Зохион байгуулалтын скаляр зарчим нэвтэрүүлсэн
МЭӨ 600 он
Навуходоносор хаан
Үйлдвэрлэлийг хянах, ажлыг хөлсөөр дамжуулан урамшуулах
МЭӨ 400 он
Гүн ухаантан Сократ
Менежментийн нийтлэг зарчмыг томъёолсон
МЭӨ 400 он
Мэргэн Ксенофонт
Менежментийг онцгой төрлийн урлаг гэж үзсэн
МЭӨ 175 он
Улс төрийн зүтгэлтэн Катон
Удирдлагын ажлыг тодорхойлох оролдлого хийсэн
20 он
Исүс Христос
Нэгдсэн удирдлага. Алтан дүрэм. Хүний харилцаа
1100 он
Газала
Менежерт тавигдах шаардлага боловсруулсан
1835 он
Маршалл, Логман
Менежментийн ухааны ач холбогдол, үр нөлөөг хүлээн зөвшөөрсөн
1881он
Жозэф Вартон
Дээд сургуульд үйлдвэрлэлийн менежмент хичээлийг заалгаж эхэлсэн
1900 он
Фридрих У. Тэйлор
Шинжлэх ухааны менежмент; Системийн хандлага; Боловсон хүчний менежмент; Хөдөлмөр, менежментийн хооронд зохист харилцаа тогтоох; Үүргийн зохион байгуулалт, өөрийн өртөгийг тогтоох, ажлын цагийн судалгаа, шинжлэх ухааны менежментийн тодорхойлт; Менежерийн ажил, судалгаа, стандарт, төлөвлөлт, хяналт дээр тулгуурлах
1916 он
АнриФайоль
Менежментийн ухааны анхны бүрэн онол, менежментийн үүрэг, зарчим боловсруулж, менежментийн ухааныг их, дээд сургуульд заах хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөрсөн
1916 он
Александр  Г. Черч
Менежментийн функционал үзэл баримтлал боловсруулсан
1919 он
Моррис Л. Кук
Менежментийн ухааныг янз бүрийн салбарт ашиглаж эхэлсэн
1927 он
Элтон Мэйо
Бүлгийн социологи үзэл баримтлал
1943 он
Линдэлл Урвик
Менежментийн ухааны зарчмуудын хамаарлын тогтоох
1949 он
Норбэрт Винэр
Мэдээллийн онол дахь системт шинжилгээг боловсруулсан
1976 он
РозмариСтюарт
Менежерүүдийн ажлын хязгаарлалт, боломжит нөхцөлүүдийн тухай
1985 он
Тэм Пэтэрс
Удирдлагын ухаанд ажилчдад хэрхэн хандаж ажиллах тухай

  • Шинжлэх ухаанч удирдлагын дэг сургууль
  • Удирдлагын засаг захиргааны дэг сургууль
  • Удирдлагын хүний харилцааны дэг сургууль
  • Удирдлагын үйл байдлыг тандан судлах дэг сургууль
  • Удирдлагын тоон аргачлалд суурилсан дэг сургууль гэсэн таван үзэл санааны чиглэлийг багтаадаг болно.
  •  Шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулсан стандарт, дүрэм журмыг төгс мөрдөх:
  •  Ажилчдыг хамгийн их үр өгөөжөө өгөх байранд бэлтгэх, тавих мөн сонгон шалгаруулах:
  • Үр дүнгээр нь цалинжуулах (ажлаа муу хийсэн тохиолдолд бага цалин, харин их хийсэн тохиолдолд их цалин авах):
  • Ажлын гүйцэтгэл, түүнд тавих хяналтыг тусгай бэлтгэгдсэн менежерүүдэд даатгах:
  •  Ажилчид хийгээд менежерүүдийн хооронд нөхөрсөг харилцаа тогтоох гэсэн зүйлсийг багтаасан байна.
  • Өмнөө тавьсан зорилгоо удирдлагын анхдагч зүйл гэж үзэх:
  •  Эрүүл саруул сэтгэлгээ:
  • Үйлдвэрийн удирдлагын үйл ажиллагааг төгөлдөржүүлэхийн тулд мэргэжилтнүүдийн зөвлөгөөг сонсох:
  •  Сахилга бат, түүнд тавих хяналт, урамшууллын механизм:
  •  Ажилчидтайгаа шударгаар харьцах:
  •    Түргэн шуурхай, нягт нямбай, бүрэн дүүрэн, тогтмол тооцоо хийх:
  •   Диспечерийн үйл ажиллагааг тогтмол ашиглах:
  •  Ажлын хэм хэмжээ, хуваарь хэрэглэх:
  • Хөдөлмөрийн нөхцлийг хэвийн болгох:
  • Үйлдвэрийн үйл ажиллагааг нормчлох:
  • Стандарт бичгийн дүрэм, журамтай болох:
  • Хөдөлмөрийн бүтээмжийг шагнаж урамшуулах гэсэн ажлын байранд баримтлах зарчмуудыг багтаасан.
  •  Шинжлэх ухаанч удирдлагын аргыг практикт нэвтэрүүлэх, шинжлэх ухаанч шинжилгээг ашиглах нь үйлвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэх сайн талтай болно.
  • Өмнөө тавьсан зорилгодоо хүрсэн байдлыг шагнал, урамшууллын механизмтай зөв хослуулах хэрэгтэй. Ингэснээр үйлдвэрлэлийн үр ашиг нэмэгдэх сайн талтай болно.
  •   Аливаа үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаа нь нийгмийн өмнө тодорхой хариуцлага хүлээх нөхцлийг бүрдүүлэх ба үйлдвэрийн зүгээс нөөц, боломжоо тооцон үзсний үндсэн дээр энэхүү үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай болно гэсэн санаанууд юм.


Менежментийн ухаан XIX зууны сүүл, XX зууны эхээр шинжлэх ухааны мэдлэгийн түвшинд дэвшин хөгжсөн байна. Энэ ухааныг Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор (Frederick Winslow Taylor, 1903, 1911) цогцлоосон гэж үздэг ч хараахан тийм биш юм.
Америкийн алдарт бизнесмэн Жозэф Вартон (Joseph Wharton, 1881) 1881 онд Пенсильваний их сургуульд 100,000 доллар өгч, “Санхүү, Эдийн Засгийн Вартон Сургууль”-ийг байгуулсан бөгөөд энэхүү сургуулийн гол зорилго нь үйлдвэр, худалдаа эрхлэх манлайлагчдыг бэлтгэхэд оршиж байсан ба сургалтандаа менежментийн ухааныг тусгай хөтөлбөрөөр зааж байсан гэсэн баримт байдаг.
Ташрамд өгүүлэхэд Америкийн “Financial Times” сэтгүүлд дурдсанаар энэ сургууль 2000-2009 оны хооронд дэлхийн №1 санхүү, эдийн засгийн сургууль, 2011 онд Лондонгийн эдийн засаг, бизнесийн сургуультай хамт мөн энэ байр сууриа хадгалсан байна.
1915 онд АНУ-ын Тиск Дортмунтын коллежид анхны менежер бэлтгэх анги нээгдсэн байна. 1919 он гэхэд Америкийн 12 сургуульд боловсон хүчний менежмент (одоогоор хүний нөөцийн менежмент) хичээл зааж эхэлсэн байдаг. Харин 1913 онд Америкийн 50 компанид судлагаа, шинжилгээ, удирдлагын хэлтэс байгуулагдсан байна.
Энэ бүгдээс гадна Америкийн “Yale and Towne Manufacturing” компаний тэргүүн Хэнри Робинсон Таун (Henry Robinson Towne, 1896) 1896 онд Америкийн Механик - Инженерийн Холбооны ээлжит хурал дээр “The Engineer as Economist” нэртэй илтгэл тавьсан бөгөөд үүндээ анх удаа үйлдвэр, худалдаа эрхлэх тусгай хүмүүс бэлтгэх нь зайлшгүй ба тэднийг менежер гэж нэрлэвэл зохино гэсэн зарчмын шинжтэй санаа дэвшүүлсэн байна. Мөн шинжлэх ухаанч зарчмуудыг үйлдвэр, худалдаа эрхлэх үйл ажиллагаанд нэвтрүүлж, нэгдүгээрт, үйлдвэр эрхлэгчдэд дээд зэргийн ашиг өгөх, хоёрдугаарт, тэнд ажиллаж буй жирийн ажилчдад материаллаг аж байдлаа дээшлүүлэхэд нь дэм болохоор өөрчлөн байгуулж хөгжүүлэх хэрэгтэй гэх дүгнэлт хийжээ.
Эндээс бид менежментийн ухааныг Уинслоу Тэйлор бус, харин Хэнри Таун үндэслэсэн гэх зарчмын санааг гаргаж болох юм.
Менежментийн ухаан бий болоход өгүүлэн буй үеийн нийгмийн харилцаа онцгой нөлөө үзүүлсэн байдаг. Англи, Америк дах аж үйлдвэрийн хувьсгал нийгмийн харилцааг урьд өмнө хэзээ ч байгаагүй ихээр хурцатгасан ба нэг талаар баян чинээлэг үйлдвэр эрхлэгчид, нөгөө талаас люмпен гэх үгээгүй ажилчид гэсэн хоёр туйлыг бүрдүүлж байв. Германы эрдэмтэн Карл Марксын хэлсэнчлэн “алсан хүнийхээ гавлын ясан аягаар цэцгийн бал шимээгүй цагт сэтгэл нь үл ханах шүтээн адил” зэрлэг капитализм энэ үед түгээмэлжиж байв. Дээр өгүүлсэн хоёр туйлын харилцаа хүйтрэхийн хэрээр нийгэмд улс төр, эдийн засаг, нийгмийн тогтворгүй байдал гаарч эхэлсэн учир үйлдвэр эрхлэгчид аж ахуй эрхлэх арга барилаа өөрчлөх, ингэснээр ажилчдын зүгээс үзүүлж буй эсэргүүцлийг мохоох янз бүрийн арга сэдэх болсон юм. Чухам нийгмийн энэ хэрэгцээний биелэл болж менежментийн ухаан үүсчээ.
Орчин үед менежментийн талаар дараах гурван үндсэн хандлага, ойлголт зэрэгцэн оршиж байна. Үүнд:
·         Менежмент бол хүмүүсийг удирдах үйл ажиллагааны төрөл буюу чиг үүрэг мөн:
·         Менежмент болбоос удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хүний мэдлэгийн төрөл буюу шинжлэх ухаан мөн:
·       Менежмент бол удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэх тэр нийгмийн давхарга, тусгай мэргэшлийн хүмүүс (менежер) мөн:
Менежмент нь нэгэн зэрэг хүний үйл ажиллагааны төрөл, тусгай мэргэшлийн хүмүүс, шинжлэх ухааны мэдлэг юм.
Менежментийг хүний үйл ажиллагаа талаас нь эдийн засгийн механизм, арга, хэрэгсэл, зарчмуудыг ашиглах замаар зах зээлийн эдийн засгийн орчинд өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд чиглэсэн мэргэшсэн үйл ажиллагааны бие даасан хэлбэр мөн гэж тодорхойлж болох бол шинжлэх ухаан талаас нь удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардагдах шинжлэх ухааны мэдлэгийн нийлбэр цогц юм хэмээн үзэж болох талтай.
Менежмент нь сэтгэл судлал, социологи, философи, хүмүүнлэгийн ухааны уулзвар зааг дээр үүссэн нийгэм-хүмүүнлэгийн ухаан юм.
Менежментийн зорилго нь аливаа аж хуйн нэгж, байгууллага, пүүс, компанийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдох хөдөлмөрийн бүтээмж, ашигт байдал юм. Эдийн засгийн үр дүнтэй арга хэрэгсэл, шинжлэх ухаан, технологийн дэвшил зэргийг ашиглах замаар дээрх хуулийн этгээдүүд менежментийн зорилгоо хангадаг байна.
Менежментийн шинжлэх ухааны хөгжлийн явцад үзэл санааны дараах үндсэн таван дэг сургууль бий болсон гэж үздэг. Үүнд:

Шинжлэх ухаанч удирдлагын дэг сургууль (1885-1920 он):Үйлдвэрт ажиллах ажилчдын хөдөлмөрийн нөхцөл, ажлын цаг ашиглалтын үйл ажиллагааг шинжлэх ухааны үндэстэйгээр судлаж, үүн дээрээ тулгуурлан ажлын бүтээмж сайжруулах төгс арга олох нь менежментийн ухаан дахь шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийн үндсэн зорилго байв.
Үзэл санааны энэхүү дэг сургуулийг цогцлоон хөгжүүлэгч нь Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор (Frederick Winslow Taylor, 1895, 1903, 1911) болно. Мөн Гаррингтон Эмерсон (Garrington Emerson, 1911), Фрэнк Банкэр Гилбрэт (Gilbreth, Frank Bunker, 1912), Эвелин Моллер Гилбрэт (Lillian Evelyn Moller Gilbreth, 1914), Хэнри Хант (Henry Laurence Gantt, 1903), Хэнри Форд (Henry Ford, 1902) нарыг шинжлэх ухаанч дэг сургуулийн гол төлөөлөгчид гэж үздэг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчид ажиглах, учир шалтгааныг тодлох, дүн шинжилгээ хийх замаар хөдөлмөрийн үйл ажиллагааг төгөлдөржүүлж биелэлтийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байв. Шинжлэх ухаанч удирдлагын арга зүйн эхний үе шат нь ажил хөдөлмөрийн явцад дүн шинжилгээ хийж, шат дамжлагыг тодорхойлох явдал юм.
Ташрамд өгүүлэхэд шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуульд хүний хүчин зүйлийг төдийлөн ач холбогдол өгч судалдаггүй.
Хамгийн гол нь үйлдвэрлэлийн хэмжээ, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх сонирхлыг ажилчидад бий болгох хэрэгтэй гэж сургасан. Нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргахад зарцуулах ажлын цагийг зөв, шударга тооцоолох замаар үйлдвэрлэлийн тасралтгүй шинж чанарыг хангах боломжтой гэж үзсэн. Үүнд үйлдвэрлэлийн хэм хэмжээг нарийн тогтоож хэм хэмжээнээс давсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх тэр ажилтанд цалин, хөлсний нэмэгдэл урамшууллыг бүрэн олгож байх явдал чухал юм.
Тодорхой ажил, үүргийг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай хүмүүсийг сонгон шалгаруулах асуудалд ач холбогдол өгч ажлын байран дээрх сургалтыг өндөрөөр үнэлсэн байдаг. Төлөвлөлтийн болон удирдлагын чиг үүргийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанаас тусдаа авч үзэхийг санал болгосон байна. Үйлдвэр, аж ахуйн нэгж, пүүсүүд амжилттай байх, ажилтан нэг бүр ажлын байрандаа ахиц дэвшил гаргах, эсэх нь удирдлагаас ихээхэн хамаарах бөгөөд удирдлага бол нарийн төвөгтэй мэргэшил болно гэж Тэйлор үзжээ. Үүнтэй холбоотойгоор ажилтан бүр өөрийн ажлыг төлөвлөж асан үйлдвэрлэлийн хуучин тогтолцоог эрс шүүмжилсэн байдаг.
Шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийн жүнхэн үзэл санаа нь шинжлэх ухааны салбарт бий болсон аливаа ололт, дэвшлийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх замаар байгууллагын зорилгодоо хүрэх үйл явцад ашиглах хэрэгтэй гэж үзсэн оршино.
Фридрих Уинслоу Тэйлор (1856-1915 он): Америкийн инженер Фридрих Уинслоу Тэйлор1895 онд “Хийснээрээ авах тогтолцоо”, 1903 онд “Үйлдвэрийн газрын менежмент”, 1911 онд “Шинжлэх ухаанч удирдлагын зарчмууд” нэртэй бүтээлүүд тус тус гаргажээ.
Тэйлор үйлдвэрлэлийн төлөвлөлтийн үйл ажиллагаанд онцгой ач холбогдол өгч судалсан байна. Түүний судалгааны ажлуудад ажлын цагийн хэрхэн зохистой хуваарилах, үйлдвэрлэлийн үйл явцад ямар хүчин зүйлсүүд нөлөөлж байгааг тодлох  санаанууд нэвт шингэсэн байдаг. Ажилчдын давтан сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаанд ач холбогдол өгч үйлдвэрлэлийн төлөвлөлтийг зөвхөн менежерүүд хийх ёстой гэсэн санааг дэвшүүлсэн. Ажилтан хүн ажлын байран дээр зөвхөн нэг ажил, үүргээр мэргэшин ажиллах ёстой гэдгийг Тэйлор хатуу анхааруулсан байна.
Түүний шинжлэх ухаанч удирдлагын зарчим нь дараах зүйлсээс бүрддэг байна. Үүнд:

Тэйлор ажилчид, инежерүүдийн ашиг сонирхлын зохицол дээр суурилсан хамтын үйл ажиллагаа бол үйлдвэрлэлийн менежмент мөн гэх оюун санааны хувьсгалхийсэн гэж өнөөгийн судлаачид үздэг.
Гаррингтон Эмерсон (1853-1931 он): Америкийн эрдэмтэн Гаррингтон Эмерсон Герман улсад инженерийн боловсрол олж АНУ-д ажиллаж байсан судлаач юм. Тэрээр 1900 онд “Ажлын бүтээмж удирдлага, хөдөлмөрийн хөлсний үндэслэл болох нь”, 1912 онд “Ажлын бүтээмжийн арван хоёр зарчим” бүтээлүүд тус тусбичсэн.
Тодруулга
Гаррингтон Эмерсон болбоос бадар баригч санваартны хүү, онолч, үзэл сурталч, нийтлэлч, инженер нэгэн байв. залуудаа Европын орнуудаар хөндлөн гулд аялаж ЗХУ-д хүртэл очсон байдаг. Тэрээр эргэн ирээд Нэбраска муж улсын Их Сургуульд хэл шинжлэлийн ухааны профессороор ажилласан байна. Энд байхдаа тэрээр их, дээд сургуулийг академик сургалтын арга барилыг хүчтэй эсэргүүцэх болсон юм. 90-иэд оны үед улс орны гол бүтээн байгуулалт өрнөж буй Аляск мужид очсон байдаг. 1903 онд Үндэсний Төмөр Замын Компаний зөвлөх болсноор Эмерсоны амьдралд томоохон эргэлт бий болжээ. гэвч тэрээр амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл зохиолч, удирдахуйн ухааны онолч гэгдэх болжээ. түүний бичсэн ном хамгийн их ашиг орлоготой номын тоонд багтсан байдаг.
Үр дүнтэй байдал гэдэг нь туйлын бага зардлаар хамгийн өндөр хөдөлмөрийн бүтээмж бий болгохыг хэлнэ. Үйлдвэр, пүүсүүд үүнд голлон анхаарч байх хэрэгтэй гэж Эмерсон үзсэн.
Эдгээр бүтээлүүддээ хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтийг хангах удирдлагын арван хоёр зарчмыг гаргасан. Эдгээрт:

Эмерсоны дараагаар шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийг эхнэр, нөхөр Гилбрэт нар нэлээд өндөр түвшинд хөгжүүлсэн байна. Эдгээр хүмүүс үйлдвэрийн газар дах ажилчдын хөдөлгөөний асуудлыг тусгайлан судалсан. Өөрөөр хэлбэл үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд ажилчдын хөдөлгөөн ямар байвал нийцтэй вэ гэх асуудал эдгээр хүмүүсийн судалгааны үндсэн чиглэл болж байлаа. Эхнэр Гилбрэт утга зохиолын чиглэлээр ажиллаж, Калифорнийн их сургуульд докторын зэрэг горилохыг чармайж байсан боловч үйл явц санаж байснаас өөрөөр эргэж, шинэ Англид шилжиж, улмаар Брауны их сургуульд философийн ухаанаар докторын зэрэг горилжээ. 1911 онд “Хөдөлгөөн судлахуй”, 1916 онд “Удирдлагын сэтгэл зүй” гэсэн хоёр бүтээл гаргасан ба эдгээр бүтээлүүддээ ажилчин хүн ноогдсон ажлаа биелүүлэхийн тулд ямар хөдөлгөөн хийвэл зохилтой хэмээх асуудлыг хөндсөн байна. Ингэх явцдаа хронометраж  гэх багаж зохиож, терблиги гэж нэрлэгдсэн үр ашигтай хөдөлгөөний 17 хэлбэрийг тодлосон байдаг.
Менежментийн ухааны шинжлэх ухаанч удирдлагын дэгийг цааш шинэ шатад гаргасан хүн бол Америкийн механик-инженер, удирдлагын асуудлаар зөвлөгөө өгч асан Хэнри Лорэнс Хант(1861-1919 он) болно.
Тодруулга
Хэнри Лорэнс Хант (Henry Laurence Gantt, 1861-1919) нь Америкийн инженер, удирдлагын асуудлаар зөвлөгөө өгдөг нэгэн байсан. Хант 1861 онд Мэриланд муж улсын Кальвэрт сууринд мэндэлсэн. 1878 онд сургуулиа дүүргээд Жон Хопкинсийн Их Сургуульд үргэлжлүүлэн сурсан. Анхлан шугам зургийн багшаар, дараагаар нь механик инженерийн ажил хийх болсон. 1887 онд Фридрих Тэйлортой хамт ажиллаж эхэлсэн. Тэд хүний нөөцийн удирдлагад шинжлэх ухаанч хандлагын түгээмэл зарчим бий болгохоор ажиллаж байсан. Midvale Steel болонBethlehem Steel компаний удирдлагад өөрсдийн шинжлэх ухаанч удирдлагын зарчмуудын нэвтрүүлэх оролдлого хийсэн. Тэд 1893 он хүртэл хамтран ажиллажээ. Сүүлээр Хант удирдлагын асуудлаар мэргэшсэн зөвлөх болж үйлдвэрлэлийн үйл явцыг хянах өөрийн нэрээр нэрлэгдсэн тогтолцоог бий болгожээ. Энэ тогтолцооны гол зорилго нь ажилчдын хөдөлмөрийн бүтээмж, шагнал урамшууллын үйл ажиллагааг харилцан уялдуулахад оршиж байв. 
Тэрээр Хантын диаграмм зохиосон гэдгээрээ ихээхэн нэр олсон байдаг. Хантын диаграммыг томоохон дэд бүтцийн компаниудын төслийг хэрэгжүүлэхэд ашиглах болжээ. Гэхдээ энд нэг зүйлийг онцгой анхаарах хэрэгтэй. 1903 онд Хэнри Хантын дэвшүүлэн гаргасан диаграммыг 1896 онд Кароля Адамески (Karol Adamiecki) зохиосон гэх яриа байдаг.
Хантын диаграмм нь дараах зүйлсэд голлон анхаарал хандуулдаг байна. Үүнд:

Зарим хүмүүсийн зүгээс дээр нэр дурдсан Кароля Адамески –тай холбоотойгоор Хантын диаграммыг шүүмжлэх явдал их байдаг ч энэ нь түүний шинжлэх ухааны ач холбогдлыг бууруулахгүй юм. Отголж өгүүлэхэд шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийг хөгжүүлэхэд томоохон нөлөөлөл болсон хүн бол Америкийн алдарт бизнесмен, онолч Хэнри Форд болно. Форд ажлын цагийг хорогдуулах, хүн амын нийгмийн хамгаалал, халамжийн асуудлыг шийдвэрлэх, цалин хөлсний хэмжээг нэмэгдүүлэх зэрэг олон үйл ажиллагааг нийгмийн практикт зоригтойгоор нэвтрүүлсэн байдаг.
Засаг захиргааны буюу сонгодог дэг сургууль (1920-1950 он): Өмнө өгүүлсэн шинжлэх ухаанч удирдлагын дэг сургуулийн төлөөлөгчид их төлөв үйлдвэрлэлийн удирдлагын тухай асуудалд судалгааныхаа үндсэн сэдвийг чиглүүлж байсан. Харин засаг захиргааны буюу сонгодог дэг сургууль бий болсноор удирдлагыг хэрхэн оновчтой зохион байгуулах тухай асуудлыг хөндөх болжээ.
Францын судлаач Анри Файоль, Жэймс Д. Муни, Линдэлл Урвик нарыг энэ дэг сургуулийн сонгодог төлөөлөгчид гэж үздэг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчид байгууллагыг өргөн хүрээгээр авч үзэж байгууллагын зүй тогтол, ерөнхий шинжид голлон анхаарч байв. Хамгийг гол нь байгууллагын удирдлагын универсаль зарчим, зүй тогтлыг нээн илрүүлэхийг чухалчлах болжээ. Учир нь байгууллага амжилттай ажиллах, нэмүү өртөг бүтээх нь түүний удирдлагаас шууд хамаарна гэж үзсэн хэрэг. Хэрэв байгууллагын бүх хэв шинжид хамааралтай удирдлагын түгээмэл зарчмыг бий болгож чадвал байгууллага бүр тэдгээрийг үйл ажиллагаандаа ягштал мөрдснөөр амжилтанд хүрэх бололцоотой гэсэн санааг гаргажээ.
Ингэхдээ дараах хоёр зүйлд онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг онцолсон. Үүнд:
·   Нэгдүгээрт, удирдлагын чиг үүргүүдийг тодорхойлох, тэдгээрийн харилцан уялдааг нарийн тогтоох шаардлагатай:
·        Хоёрдугаарт, удирдлагын рационал тогтолцоог байгууллагын түвшинд бий болгож төлөвшүүлэх хэрэгтэй:
Энэ хоёр нөхцлийг хангаснаар байгууллага бүр өмнөө тавьсан зорилгодоо хялбархан хүрэх боломжтой гэж засаг захиргааны буюу сонгодог дэг сургуулийн төлөөлөгчид үзжээ.
Хүний харилцааны дэг сургууль (1930-1950 он): Шинжлэх ухаанч удирдлагын болон засаг захиргааны дэг сургуульд үйлдвэрлэлийн үйл явц дах хүний хүчин зүйлийг ажлын бодотой цалин хөлс олгох, эдийн засгийн урамшуулал хэрэглэх, албан ёсны чиг үүргийн харилцаа тогтоох төдийгөөр хязгаарлан авч үзсэн байдаг. Гэтэл хүний харилцааны дэг сургуулийн төлөөлөгчид аливаа байгууллага амжилттай ажиллах, нэмүү өртөг бүтээх үндсэн бөгөөд гол хүчин зүйл нь хүний, тодруулан хэлбэл ажилчдын ажлын байран дах харилцаатай шууд холбоотой гэсэн санааг гаргажээ.
Сонгодог чиг хандлага буюу дэг сургуулийг шүүмжлэх байдлаар үүссэн учир хүний харилцааны дэг сургуулийг зарим тохиолдолд неоклассик гэж нэрлэх явдал байдаг.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчдийн тоонд Элтон Мэйо, Мэри Паркэр Фоллэт нарыг багтаан үздэг. Фоллэт анх удаа “менежмент гэдэг нь бусдын туслалцаатайгаар ажил, үүргээ биелүүлэх үйл ажиллагаа мөн” гэсэн тодорхойлолт гаргажээ. Харин Элтон Мэйогийн хувьд сайтар зохион байгуулагдсан хөдөлмөрийн үйл ажиллагаа, сайн цалин хөлс хоёр тэр болгон хөдөлмөрийн бүтээмжийн өсөлтөд эерэгээр нөлөөлөөд байдаггүй гэсэн алдарт санаагаа дэвшүүлсэн байна.
Хожим түүний энэ санааг Абрахам Маслоу тэргүүтэй Америкийн сэтгэл судлаачид баталсан байдаг. Хүний амьдралд эдийн засгийн сонирхол бус, харин мөнгөний шууд болон шууд бус оролцоотойгоор хангагдах нийгмийн хэрэгцээ чухал юм байна гэсэн санааг тэд гаргажээ. Үүнийг орчин үеийн нийгмийн шинжлэх ухаанд Маслоугийн хэрэгцээний шатлалын онол гэж нэрлэдэг.
Удирдлага ажилчидтайгаа эвсэг харилцаатай байх, тэдний төлөө санаа тавьдаг байх, ажлын байран дээр харилцааны таатай уур амьсгал бий болгох зэрэг нь эцсийн эцэст хөдөлмөрийн бүтээмж сайжирахад шийдвэрлэх нөлөөтэй гэсэн санааг хүний харилцааны дэг сургуулийн төлөөлөгчид онцолсон байна.
Дуглас МакГрегор (1906-1964 он): 1950-иад оны эхээр МакГрегор анх удаа өөрийн удирдлагын тухай үзэл санаагаа “The Human Side of Enterprise(“Үйлдвэр, аж ахуйн нэгжийн хүний хүчин зүйл”) бүтээлдээ хөгжүүлжээ.
X болон Y онол дээр суурилсан хүний нөөцийн хоёр янзын удирдлага үйлдвэрлэлийн явцад үүсдэг.
X онолоор бол ажилчин хүн хөдөлмөрлөх дургүй, ямагт ажил хөдөлмөрөөс зугтах хандлагатай байдаг. Энэ тохиолдолд үйлдвэрийн удирдлагын зүгээс арга буюу албадлагын зөөлөн (сайшаах, муучлах), хатуу (хатуу хяналт тогтоох, шийтгэлийн тогтолцоо нэвтрүүлэх) хэлбэрийг авч хэрэгжүүлэх шаардлага үүсдэг. Гэхдээ энэ хоёр арга асуудлыг үр дүнтэй шийдвэрлэх гарц болж чаддаггүй. Тиймээс ажилчдын хөдөлмөрийн бүтээмжийг үнэлэх шударга тогтолцоо бий болгохын зэрэгцээ өөрийгөө бусдад илэрхийлэх тэр боломжийг ажилчдад олгох хэрэгтэй.
Харин Y онолоор бол ажилчин хүн ажил хөдөлмөртөө өөрийгөө бүрэн дайчлах хүч, бололцоотой. Энэ бол амрах, зугаацахтай адил хүний амьдралын нэг шинж юм. Тиймээс хэрэв удирдлагын зүгээс бүрэн анхаарч чадвал ажилчид ажлын байрандаа амжилт гаргах бүрэн бололцоотой. Харамсалтай нь, орчин үеийн аж үйлдвэржсэн нийгэмд хүний бодот боломж, бололцоог бүрэн нээн илрүүлж, ашиглаж чадахгүй байна гэж МакГрегор үзжээ. X болон Y онолуудыг тусгаар салангид зүйл гэж үзээгүй ба хамтад нь авч үзэх зайлшгүй шаардлагатай гэдгийг тэрээр онцолсон. Хэрэв өөрсдийн доор ажиллах ажилчидтайгаа хариуцлагатай, хүндэтгэн харилцвал тэдний бүтээлч байдал илүү сайжирч дээшлэх болно гэсэн санааг өнөөгийн менежерүүдэд МакГрегор ойлгуулахыг оролджээ.
Элтон Мэйо (1880-1945 он): Тэрээр хөдөлмөрийн бүтээмж өсөхөд цалин хөлс, ажлын байрны нөхцөл нөлөөлөхгүй байх тохиолдол байдаг. Хамгийн гол ажилчин хүний нийгмийн мөн чанарт тэргүүлэх ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй гэсэн санааг гаргажээ. Үйлдвэрийн удирдлагын хүлээх хамгийн чухал үүрэг нь ажилчин бүрийнхээ хэрэгцээг хангахад анхаарах явдал юм. Үүнд албан болон албан бус бүхий л хэлбэрийн харилцааг ашиглах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн үйл ажиллагаанд хүнлэг байдлыг нэвтрүүлэх нь чухал юм гэж Элтэн Мэйо үзжээ.
Удирдлагын үйл байдлыг тандан судлах дэг сургууль (1960-иад он): Дэлхийн II дайны дараагаас социологи, сэтгэл судлал зэрэг шинжлэх ухаанууд эрчимтэй хөгжиж, судалгааны арга зүй боловсронгуй болсон нь менежментийн ухаанд удирдлагын үйл байдлыг тандан судлах дэг сургууль үүсэхэд нөлөөлсөн байна.
Энэ дэг сургуулийн төлөөлөгчдийн тоонд Крис Аржирис, Рэнсис Лайкэрт, Дуглас МакГрегор, Фридрих Хэрцбэрг нарыг багтаан үздэг.
Хөдөлмөрлөх явцад илэрч буй ажилчид хоорондын харилцаанд голлон анхаарч байснаараа өмнөх үеийн дэг сургуулиудаас зарчмын ялгаатай. Ер нь 60-иад оны үед үйл байдлын чиг хандлагыг удирдлагын асуудлыг шийдвэрлэх цорын ганц үнэн зөв бөгөөд мадаггүй арга мөн гэсэн туйлширсан үзэл бодол давамгайлж байв.
Хувь ажилтанд байх биеийн болоод оюун ухааны нөөц баялагийг дээд зэргээр ашиглах замаар байгууллагын бүтээмжийг дээшлүүлэх бүрэн боломжтой гэж үзсэн. Чухам үүнд удирдлагын үйл байдлыг тандан судлах дэг сургуулийн зорилго оршиж байв.
Удирдлагын тоон аргачлалд суурилсан дэг сургууль (1950 оноос өнөөг хүртэл):Математик, статистик, инженерийн ухаан, тэдгээртэй холбоотой мэдлэгийн салбар нь удирдлагын шинжлэх ухааны хөгжилд үлэмжхэн нөлөө үзүүлснийг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Дэлхийн II дайны дараагаас нийгмийн шинжлэх ухаанд тоон утгад тулгуурласан судалгааны арга, аргачлалууд хүч түрэн орж ирсэн юм. Магадгүй, тооцоолон бодох машин бий болсноор энэ үйл явцыг түргэтгэсэн байж болох талтай. Өнгөрсөн зууны 60-иад оны үеэс эрдэмтэн, судлаачид тоон судалгааны аргуудыг нийгмийн шинжлэх ухаанд, тэр дундаа удирдлагын ухаанд нэвтрүүлж эхэлсэн байна. Өнөөдөр энэ үйл явц улам бүр далайцтай явагдах болсон. 

1 comment:

  1. сайн байна уу? Честер Ирвинг Барнард энэ хүний талаар мэдээлэл өгөөч

    ReplyDelete

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...