Wednesday, November 15, 2017

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн технологи гэх утгаар нэвтрүүлсэн, нийгмийн үүдлэгт хэрэглэсэн хүн бол Америкийн улс төрийн зүтгэлтэн, сенатор, Массачусэтс муж улсын амбан захирагч, АНУ-ын тав дахь дэд ерөнхийлөгч асан Элбриж Т. Жэрри (1744-1814 он) гэгч билээ. Төрийн эрх мэдлийг баригч улс төрийн хүчний бүтцэд зохиомол өөрчлөлт оруулах зорилгоор сонгуулийн тойргийн хилийн цэсийг дур мэдэн гажуудуулах улс төрийн ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагааны нийлбэр цогцыг жерримендеринг гэж нэрлэдэг. Уг үйл ажиллагаа нь сонгогчдын сонгуулийн тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчдөг муу талтай. Нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, засаг захиргааны хуваарилалт жигд бус хийгдсэн, мажоритари сонгуулийн тогтолцоотой орнуудад жерримендеринг технологи хүчтэй хэрэглэгддэг байна.
Хүчтэй намын тогтолцоотой, парламентын засаглал бүхий орнуудад түгээмэл хэрэглэгдэх болсон. Сөрөг намд цөөн тооны суудал өгч, парламент буюу хууль тогтоох хуралд үнэмлэхүй олонх болох зорилгоор эрх баригч нам нь Англи, Франц, Герман, АНУ, Филиппин, Кувейт, Судан, Турк, Сингапур, Балба, Мальта, Малайз зэрэг зэрэг орнуудад жерримендеринг технологийг хэрэглэж байв.
АНУ-ын хувьд хар арьст сонгогчдын саналын луйвардах, тэдний төлөөллийг хууль тогтоох хуралд сонгуулахгүй байх зорилгоор энэ технологийг хэрэглэж байсан. Хар арьст хүн ам зонхилсон тойрогт цөөнх болсон цагаан арьст хүн амын саналыг чухалчлах үүднээс жерримендеринг технологийг хэрэглдэг. Үр дүнд нь хар арьст сонгогчдын санал хүчгүйдэж, хууль тогтоох хуралд тэдний төлөөлөл сонгогдож чаддаггүй байна. Мэдээж хэрэг, Флорида мэтийн зарим муж улсад цагаан арьст сонгогчдын саналыг хүчгүйдүүлэх, хар арьст сонгогчдын саналыг ноёлуулах зорилгоор ийм технологи хэрэглэж байсан тохиолдол бас байна.
1812 онд Элбриж Т. Жэрри энэ технологийг анх хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь Сенатад Ардчилсан-Бүгд Найрамдах Нам 40 суудлын 29-ыг авсан бол Холбооны Үзэлтнүүдийн Нам ердөө 11 суудал авч байжээ. Хэдийгээр сонгогчид Холбооны Үзэлтнүүдийн Намд үнэмлэхүй олонх нь санал өгсөн ч ийм үр дүн гарчээ.
Монгол улсын тухайд жерримендеринг технологийг Ардчилсан Нам, Монгол Ардын Нам харилцан үгсэн тохиролцох байдлаар 2016 оны сонгуульд хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь, зарим улс төрийн хүчний хувьд санасан үр дүнгээ авч чадалгүй ялагдал хүлээсэн юм. Улс орон болгоны сонгогчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголын сонгогчид нутгаар талцах, нэр дэвшигчээс гадна намын бодлого, нэр хүндийг чухалчилж үздэг онцлогтой. Эдгээр зүйлийг дутуу тооцож үзсэнээр тооцсон үр дүндээ хүрээгүй байх магадлалтай.

ТОЛМОЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, November 12, 2017

АНГЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ, БАРОН ФИЛИПП ГОУЛД "СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ"

Сонгуулийн кампанит ажлыг амжилттай зохион байгуулахад стратеги төлөвлөлтөөс илүү чухал зүйл гэж байдаггүй. Гэхдээ сонгуулийн урьдчилсан кампанит ажлын үед түүн шиг ойлгоход төвөгтэй, хэцүү асуудал байхгүй биз. Өгүүллийн хүрээнд судлаач сонгуулийн кампанит ажлыг хэн бүхэнд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлахыг оролдсон болно (...)
I ХЭСЭГ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ ЯВЦ
Стратеги төлөвлөлтийн үйл явц дараах дөрвөн үе шаттай. Үүнд: 
1. Олон нийтийн санаа бодлыг тандах, өрсөлдөгчөө судлах замаар мэдээлэл цуглуулах:
2. Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хүчтэй, сул талыг тодлох, нээн илрүүлэх замаар өөрт байгаа мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт өгөх:
3. Стратегиа тодорхойлох: Зорилтот бүлэг, асуудал, зорилго, стратеги, үндсэн уриагаа тодорхойлох:
4. Төлөвлөх, өөрөөр хэлбэл, саяын дурдсан зүйлсийг кампанит ажлын төлөвлөгөөнд эрэмбэ, дараатайгаар тусгах. 
Одоо бүгдээрээ эдгээр үе шатыг нарийвчлан авч үзье.
I.1. МЭДЭЭЛЭЛ
Стратеги төлөвлөлтийн үйл явцыг мэдээлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өрсөлдөх нэр дэвшигчээ судлах, олон нийтийн санаа бодлыг тандах гэсэн мэдээлэл олж авах хоёр үндсэн арга байдаг. 
Аливаа улс төрийн кампанит ажлыг зохион явуулахад олон нийтийн санаа бодлыг тандах явдал туйлын чухал. Олон нийтийн санаа бодлыг дараах хоёр аргаар судалдаг байна. Үүнд:
1. Сонгогчдын санаа бодлыг асуулгын аргаар судлах тоон судалгаа:
2. Фокус бүлгийн судалгаа болно.
Анхдагч тоон судалгаа танай намын нэр дэвшигч, түүний өрсөлдөгчийн талаар бодитой мэдээллийг өгдөгөөрөө онцлогтой. Энэ төрлийн судалгаагаар дараах зүйлийг тодлох боломжтой. Эдгээрт: 
·         Сонгогчдын санаа бодол:
·         Улс орны талаарх төсөөлөл (Улс орон хөгжиж байгаа, эсэх):
·         Эдийн засгийн байдалд өгч буй үнэлэлт, дүгнэлт ( Эдийн засгийн хөгжил хэр байгаа, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухайд):
·         Сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудал ( Эрүүл мэнд, батлан хамгаалах, эсвэл хүн амын орлогын түвшинг дээшлүүлэх гэх мэт):
·         Сонгуульд оролцож буй намуудын хүчтэй, сул тал:
·         Улс төрийн нам, нэр дэвшигчийн имиж: Цаг үеийн шаардлагад нийцэж байгаа, эсэх, сонгогчдын хүсэл сонирхлыг тусгасан эсэх:
·         Сонгогчдын зүгээс хамгийн их найдлага төрүүлж буй нэр дэвшигч хэн болох: Эдийн засаг, гадаад харилцаа, нийгмийн үйлчилгээний салбарт ямар бодлого үгүйлэгдэж байгаа, нэр дэвшигчийн хөтөлбөрт хэрхэн тусгах зэргийг тодлоно. 
Энэ төрлийн судалгаа нь сонгуулийн кампанит ажил өрнөж буй улс төрийн талбарыг бүхлээр нь, зураглах боломжийг нэр дэвшигчдэд олгодог байна. Сонгуульд өрсөлдөж буй намуудын хүчтэй, сул тал, сонгогчдын итгэл, найдвар, сонгуулийн сурталчилгаа хийгдэх талбар, таны байр суурь ямар байх зэрэг олон асуудлыг тодлох, улмаар дараагийн алхамаа төлөвлөж хийхэд тоон судалгаа тусалдаг. Гэвч сонгогчдын итгэл үнэмшил, үнэлэмж рүү тэр бүр гүн гүнзгий нэвтэрч чаддаггүй. Үүнд өөр төрлийн судалгаа хэрэгтэй болдог. 
Фокус бүлгийн судалгааг тодорхой зохиомжийн дагуу хөтлөн явуулах 6-8 хүний бүрэлдэхүүнтэй баг гардан хэрэгжүүлдэг. Хэдийгээр найдвартай тоон үр дүн өгөхгүй ч сонгогчдын итгэл үнэмшлийг баттай судлах боломж олгодогоороо онцлогтой. Фокус бүлгийн судалгаа дараах зүйлийг тодорхой болгож өгдөг байна. Үүнд:
·         Сонгогчид нэр дэвшигчээс юу хүсч байгаа хийгээд юунаас эмзэглэж, эмээж байгааг:
·         Сонгогчид төр засгийн бодлогын талаар ямар ойлголттой байгаа, нийцэж байгаа эсэх:
·         Сонгогчдын итгэл үнэмшил, үнэлэмж юу болох:
·         Улс төрийн шинжтэй мэдээлэлд хэрхэн хандаж байгаа, ямар аргаар сонгуулийн сурталчилгаа хийвэл үр дүнтэй эсэх. 
Фокус бүлгийн судалгаа тоон судалгаанаас ч илүү нарийвчилсан үр дүн өгдөг сайн талтай. Гэхдээ сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад дээрх хоёр судалгаа нэгэн зэрэг ач холбогдолтой гэдгийг санах хэрэгтэй. 
Өрсөлдөгчөө судална гэдэг нь бүх нам, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийнэ гэсэн үг юм. 
I.2. ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ
Боломжит бүх мэдээллээ цуглуулсны сүүлээр үнэлэлт дүгнэлт өгч, системчлэх хэрэгтэй. Үнэлгээ хийхэд хамгийн гол нь, танай нэр дэвшигч, түүний өрсөлдөгчийн хүчтэй, сул талыг тодорхойлох явдал юм. Энэ нь танай нэр дэвшигчийн сул тал юу болох, хэрхэн гэтлэх тухайд тактик боловсруулахад дэм болох сайн талтай. Хэрвээ үүнийг эс тооцвол та ямар ч сайн стратеги боловсруулсан амжилт үл олно гэдгийг сана. 
Олон нийтийн санаа бодлыг тандан судлахын ялдар сонгуульд нэр өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хүчтэй, сул талыг тодорхойлсны сүүлээр өөрийн стратегиа боловсруулах хэрэгтэй. Стартеги боловсруулах үйл явц нь зорилтот бүлгээ тодруулах, гол асуудлаа томьёолох, кампанит ажлын зорилгоо тодорхойлох, үндсэн стратеги, уриагаа сонгох гэсэн эрэмбэ дараатай таван зүйлээс бүрдэнэ. Одоо эдгээрийг нарийвчлан авч үзье. 
Зорилтот бүлгээ тодруулах: Энэ жил Үндэсний Ардчиллын Хүрээлэнгээс зохион байгуулсан олон удаагийн сургалтын явцад миний бие болон манай судлаачдын баг Оросын улс төрийн намын төлөөлөгчдөөс та нар хэнд хандсан үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа юм бэ гэж нэг бус удаа асууж байлаа. Тэдний хариулт маш энгийн. Үйлдвэрийн ажилчид, оюутнууд, эмэгтэйчүүд, тариачид, тэтгэвэрийнхэн гэх мэт Оросын нийгмийн бүх давхаргыг нэрлэдэг байсан. Нийгмийн бүх анги, давхаргад адил тэгш хандах гэсэн иймэрхүү алдааг бид бүгд л гаргадаг. Үнэн чанартаа, улс төрийн стратеги амжилт олохын жинхэнэ шалтгаан нь сонголт хийхэд, тэрхүү сонголтоо бат нотоор хамгаалахад оршдог. Бид нийгмийн бүх анги, давхарга хүнд таалагдсан үйл ажиллагаа явуулах боломжгүй учир сонголт хийх нь зайлшгүй юм. Энэ нь танд болон танай багт зорилтот бүлэгтэйгээ илүү тулж ажиллах боломж олгодог сайн талтай. 
Зорилтот бүлгээ тодруулах нь олон талаар ашигтай. НЭГДҮГЭЭРТ, сонгуулийн кампанит ажлыг уриаг оновчтой сонгох боломж олгодог. Улс төр бол амьдрал юм. Тиймээс ямар ч үед хэнд хандах, юу хэлэхээ мэддэг байх ёстой. ХОЁРДУГААРТ, байгаа хөрөнгөө үр дүнтэй захиран зарцуулах боломж олгодог. Орос мэтийн том орнуудад нийгмийн бүх анги, давхаргад хандсан сонгуулийн үйл ажиллагаа явуулах нь нам, нэр дэвшигчийн хувьд санхүүгийн сүйрэл авчирдаг жамтай. Ингэхлээр, сонголт хийх зүй ёсны шаардлага тулгарч байна. ГУРАВДУГААРТ, зорилтот бүлгээ тодруулах нь сонгуулийн явцад орон нутгийн түвшинд сонгогчдын хүсэл, сонирхолд нийцсэн уриа дэвшүүлэхэд сайнаар нөлөөлөх талтай. Тухайлбал, уриа тэтгэвэрийнхэнд чиглэсэн бол нэр дэвшигч та зөвхөн тэдний тухай л ярих хэрэгтэй. Зорилтот бүлгээ хэдий чинээ тодорхой болгож, уриагаа дэвшүүлнэ, нэр дэвшигчийн зүгээс сонгогчидтой тогтоосон харилцааа төдий хэрээр бат нот байх болно. 
Зорилтот бүлгээ тодруулах нь тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил юм. Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурь гэх мэт уламжлалт, тогтвортой үзүүлэлтийн зэрэгцээ үзэл бодол, хандлагатай холбоотой хувьсамтгай үзүүлэлтийг харгалзан үзэх хэрэг гардаг. Тухайлбал, та уламжлалаа дээдэлсэн, үндэсхэрхэг, өөрчлөлтөд мэдрэмж муутай ханддаг бүлгээс дэмжлэг авах хэрэг гарч болно. Эсвэл, бүр эсрэгээр, уламжлалаа хүндэлдэггүй, хэт радикал бүлгийг өөртөө татах, дэмжлэг авах хэрэгцээ ч гарч болно. Тэр бүрд нарийн зохицон ажиллах шаардлага үүснэ.
Зорилтот бүлгээ сонгох, тодруулах нь нарийн төвөгтэй адармаатай үйл явц бөгөөд хамгийн гол нь, та эрүүл, саруул ухаанаар шийдвэрлэх хэрэгтэй. Төгс зорилтот бүлэг гэж байдаггүй. Тиймээс бодит байдалд нийцэх хэрэгцээ урган гарна. Гэхдээ нэр дэвшигч та сонгуулийн явцад хэнд хандахаа мэдэж байвал үр дүнтэй улс төрийн стратеги боловсруулах эхний алхамаа хийчихлээ гэж ойлгож болох юм. 
Гол асуудлаа томьёолох: Сонгуулийн кампанит ажлын явцад хэлбэрэлтгүй баримтлах гол асуудлаа тодорхойлох нь нэн чухал. Энэ танд анхаарлаа төвлөрүүлэх, стратегиа гаргах боломж олгоно.
Зорилго, зорилтоо тодорхойлох: Цааш нь, та сонгуулийн кампанит ажлын явцад юу олж авахыг эрмэлзэж байгаагаа тодлох хэрэгтэй. Нарийн оночилсон зорилгогүйгээр стратеги байх боломжгүй юм. Зорилго системчлэгдэж, хэмжигддэг байх ёстой. Түүнийг хоёр үндсэн түвшинд авч үзэж болно. 
1. Сонгогчдын түвшин. Та бүхэн сонгогчдын хичнээн хувийн санал авахыг хүсч байна вэ? Хичнээн суудал авах боломжтой вэ?
2. Тогтоосон түвшин. Байр суурь, үзэл бодолдоо ямар өөрчлөлт бий болгохыг хүсч байна вэ? Хүчтэй удирдагчийн дүр, эсвэл мөнгөтэй хүний дүр хоёрын аль нь танд илүү ойр байх вэ?.
I.3 СТРАТЕГИА БОЛОВСРУУЛАХ
Одоо та бүхэн сонгуулийн кампанит ажлыг зохион явуулах стратегиа боловсруулах хэрэгтэй. Өрсөлдөгчийнхөө хүчтэй, сул талыг мэдэж байна. Хэнд хандах, ямар тулгамдсан асуудал байгаа, хэрхэн шийдвэрлэхээ ойлгож байна. Одоо та бүхэнд стратеги хэрэгтэй.
Сонгуулийн зорилгодоо хүрэхийн тулд өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан, өөрийн давуу талыг хэрхэн бататгах вэ гэдэгт улс төрийн стратегийн мөн чанар оршдог. Улс төрийн стратеги нь өрсөлдөгчийнхөө сул талыг нээн илрүүлэх, өөрийн эмзэг талыг хамгаалах, өөрийн талаар эерэг мэдээлэл олон нийтэд түгээх гэсэн гурван үйл явцыг өөртөө багтаадаг байна. Стратеги боловсруулах явцдаа саяын дурдсан гурван үйл явцын тэнцвэржилтийг хангах асуудал туйлын чухал. Энд олон тооны хувилбарын тухай ярьж болно. Тухайлбал, нэр муутай нэр дэвшигч өөрийн давуу талаа сурталчилахын оронд өрсөлдөж буй нэр дэвшигчийнхээ итгэл даах чадваргүйг олон нийтэд таниулахад стратегиа чиглүүлж болно. Сонгуульд өрсөлдөж буй бүх улс төрийн нам, нэр дэвшигч өөрийн гэсэн сул тал, эмзэг сэдэвтэй байдаг. Хамгийн гол нь, асуудлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг нягт нямбай тооцож үзэх хэрэгтэй. 
Өрсөлдөгч нам, нэр дэвшигчдэд чинь өөрийн гэсэн стратеги, өөрийн гэсэн төлөвлөгөө байдгийг мартаж болохгүй. Өөрийн стратегийг хэрэгжүүлэх явцдаа тэд таны, харин та тэдний үйлдлийг анаж байдаг. Стратеги боловсруулна гэдэг нь сонгуулийн кампанит ажлыг төлөвлөөд зогсохгүй өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдаас тааварлаж, хариу үйлдэл хийнэ гэсэн үг юм. 
Та ямар ч хэцүү зүйлтэй учирсан хэдий чинээ их төлөвлөнө, төдий чинээ ялагдах магадлал бага гэсэн зөвлөгөөг ямагт санаж, сэрж явах хэрэгтэй. 
Цаг хугацааг тооцох: Сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад цаг хугацааг оновчтой тооцох нь туйлын чухал. Өнөө үед сонгуулийн кампанит ажил нь сонгууль болохоос 4-5 долоо хоногийн өмнө эхлэх сонгуулийн урьдчилсан кампанит ажил, сонгууль болохоос 6 сарын өмнөх эхлэх сурталчилгааны кампанит ажил гэсэн хоёр үе шаттайгаар явагдах болсон. Сонгогчдын үзэл бодол, байр суурь хувьсамтгай болсон өнөө үед эртнээс мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгогчдын үзэл бодолд нөлөөлж байх туйлын чухал. 
Уриа. Уриа бол сонгуулийн кампанит ажлын цохилох зүрх гэдэг нь маргаангүй. Танай нэр дэвшигч сонгогчдод юу амлаж байна гэдгээс илүү чухал зүйл сонгуулийн кампанит ажлын үед байдаггүй. Уриа тогтооход хялбар, энгийн байхаас гадна амны уншлага мэт давтагдаж байх ёстой. Кампанит ажлын явцад өөрийн уриаг солих, өөрчлөх явдал нэр дэвшигчийн зүгээс гаргаж буй хамгийн том алдаа юм. Сүүлийн жилүүдэд улс төрийн уриа агуулгын хувьд ижил, хоорондоо ялгамж багатай болжээ. Нэр муутай нэр дэвшигч өрсөлдөгчөө олон түмний итгэл даах чадваргүй, асуудал шийдвэрлэх чадамжгүй хэмээн сурталчилгаагаа хийх нь их болжээ.
Гэхдээ сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад уриа чухал үүрэг гүйцэтгэж байдгийг санах хэрэгтэй. Сайтар боловсруулсан, амны уншлага мэт давтагдах уриагүйгээр та сонгуульд амжилт олох тухайд санахын ч хэрэггүй юм. 
I.4. СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Стратегиа боловсруулсны дараа та түүнийгээ сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөнд тусгах шаардлагатай. Сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөнд дараах зүйл багтана. Эдгээрт: 
·         Сонгуульд оролцож буй намуудын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт, дүгнэлт:
·         Сонгуулийн кампанит ажлын зорилго:
·         Зорилтот бүлэг:
·         Сонгуулийн кампанит ажлын стратеги:
·         Сонгуулийн уриа:
·         Харилцааны стратеги:
·         Үйл ажиллагааны график төлөвлөгөө зэрэг орно.

ЭХ СУРВАЛЖ: ФИЛИПП ГОУЛД (1993). СТРАТЕГИЧЕСКОЕ ПЛАНИРОВАНИЯ ИЗБИРАТЕЛЬНОЙ КАМПАНИИ // ПОЛИС, №4, СТР. 134-138.

Wednesday, October 25, 2017

ФОРД МОТОРС КОМПАНИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ, ТӨЛӨӨЛӨН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТЭРГҮҮН ЛИ ЯКОККА

Ли хочит Линдо Энтони
 Lido Anthony «Lee» Iacocca
Мэндэлсэн он:
1924 оны аравдугаар сарын 15 (93 настай)
Мэндэлсэн газар:
АНУ, Пенсильвани муж улс, Аллэнтаун хот
Харьяалал:
АНУ
Үйл ажиллагааны төрөл:
Менежер, үйлдвэрийн эзэн Ford компанийн ерөнхийлөгч, Chrysler компанийн захирлуудын зөвлөлийн дарга
Цахим хуудас :
Линдо Энтони буюу Ли Якокка (Англи хэлнээ: Lido Anthony «Lee» Iacocca; 1924 оны аравдугаар сарын 15 нд мэндэлсэн) — Америкийн топ менежерийн нэг, хэд хэдэн ашиг орлоготой номын зохиогч, Ford компанийн ерөнхийлөгч, Chrysler компанийн захирлуудын зөвлөлийн дарга болно.
Цадиг намтар
Ли Якокка Италийн цагаач гэр бүлд 1924 оны аравдугаар сарын 15 нд Пенсильвани муж улсын Аллэнтаун хотноо мэндэлсэн. 1939 онд Якокка тухайн үедээ эмчлэгдэхүй гэж тооцогдож байсан хэрх өвчинд нэрвэгдэж, туйлын таагүй байдалд орж байсан. Эрүүл мэндийн шалтгааны улмаас армид алба хааж чадсангүй. Сургуулиа дүүргээд Лихайн Их Сургуульд элсэн орсон. Хэсэг хугацааны дараа Принстоны Их Сургуульд элсэн орсон.
Ford компанид ажилласан нь
Принстоны Их Сургуулийг дүүргэсний сүүлээр Ford компанид инженерээр орж, хэсэг хугацааны дараа удирдлагын багт шилжсэн. Утсаар ярихдаа өөрийн Линдо гэх нэрний товчилсон утга болох Ли нэрийг хэлдэг байсан тул Ли нэрээр алдар хүндийн оргилд хүрсэн.
Хэсэг хугацаа өнгөрсний сүүлээр компанийн захирлуудын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилласан. Якоккагийн удирдлага дор Ford Mustang гэх олон нэр түгсэн загварын автомашин үйлдвэрлэгдэх болсон. Мөн сүүлээр Ford Fiesta гэх болсон бага түлш зарцуулах автомашины загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна. Тэр жилдээ хэрэглэгчид зээлээр автомашин худалдан авахад томоохон өөрчлөлт оруулж, үйдлэгт амжилттай нэвтрүүлсэн байна. 1978 оны долдугаар сарын 13 нд тухайн үедээ АНУ-ын тэргүүлэх топ менежер гэгдэж байсан II Хэнри Форд компанийн удирдлагыг Якоккагаас шилжүүлж авсан байна. Огцрох болсон шалтгааны талаар өөрийн дурдтгал бүтээлдээ тодорхой өгүүлсэн бөгөөд үндэслэгч Хэнри Фордоос нэр хүндийн хувьд илтэд өсөх болсон тул огцорсон гэжээ. Чухамдаа жинхэнэ шалтгаан нь 1973 оны загварын жил Ford Pinto-ын эргэн тойронд үүссэн асуудал байв. Аюул ахуйн шаардлага хангаагүйгээс болж гэмтэл гарсан бөгөөд компанийн нэр хүндэд нөлөөлөл болсон байдаг.
Ли Якокка гол буруутанд тооцогдсон түүхтэй. Эцсийн дүнд Форд компани нийгмийн шахалт дор 1978 оны зун Pinto-д 2 сая долларын нөхөн олговор олгосон юм. Хэдэн сарын дараа Якокка фирмээ орхижээ.
Chrysler-д ажиллах болсон нь
Ford компанийн удирдлагаас зайлуулагдсан Якокка удалгүй дампуурлын ирмэгт тулж ирсэн Chrysler корпорацийг удирдах санал хүлээн авчээ. Уг саналыг хүлээн авч компанийн эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулсан байна: АНУ-ын засгийн газраас авсан 1.2 тэрбум америк долларын өрөө 7 жилийн хугацаанд эргэн төлсөн байна. Тэрээр корпорацийг 1995 он хүртэл тасралтгүй удирдсан юм.
Бүтээлч үйл ажиллагаа
1980-аад оны үед Якокка Iacocca: An Autobiography нэртэй бүтээл нийтлүүлсэн бөгөөд уг зохиолдоо өөрийн амьдрал, амжилт, бүтэлгүйтлийн тухай өгүүлсэн байна. Дэлхийн олон орны хэлнээ хөрвүүлэгдсэн байдаг. Харамсалтий нь, Монгол хэлнээ гарч байгаагүй юм. Хэнри Фордын ач хүү II Хэнри Форд болон түүний ажиллагаа, зарчим, ажлын арга барил, ялдарт нь, өөрийн амжилт, уналтын тухай өгүүлсэн байна. Форд болон Крайслер компани, удирдлагын зарчим, Якоккагийн амьдралд хэрхэн нөлөөлсөн талаар дурдсан байна.
Нийгэм рүү чиглэсэн үйл ажиллагаа
1982 оны тавдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рэйгэн Ли Якоккад Эрх Чөлөөний Одонгийн шагналыг санг толгойлох санал хүргүүлсэн байна. Тэрээр энэ албан тушаалд 2011 он хүртэл ажилассан билээ. "Менежерийн карьер: Уялга үг" зохиолдоо Ли Якокка албан тушаалаа хүлээлгэн өгсний сүүлээр 1986 оны хоёрдугаар сард Эрх Чөлөөний Одон шагналын санг бүрдүүлэх үүрэг хүлээн авсан гэж бичжээ.

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Monday, October 26, 2015

АМЕРИКИЙН НЭРТЭЙ ЭДИЙН ЗАСАГЧ, ӨРСӨЛДӨӨНИЙ ДАВУУЛАГ БАЙДЛЫН ОНОЛЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ МАЙКЛ ЮЖИН ПОРТЭР(MICHAELEUGENEPORTER)

Майкл Портэр
Michael Porter

Мэндэлсэн он:
1947 он
Мэндэлсэн газар:
АНУ-ын Мичиган
Харьяалал:
Шинжлэх ухааны салбар:
Ажлын газар:
Олонд танигдсан:
Эдийн засгийн өрсөлдөөнийг судлах чиглэлээр мэргэшсэн
Майкл Южин Портэр (Англи хэлнээ. MichaelEugenePorter; 1947 онд мэндэлсэн) — болбоос Америкийн нэртэй эдийн засагч, Харвардын Бизнесийн Сургуулийн Бизнесийн Удирдлагын Тэнхмийн профессор нэгэн болно. Улс орон, дэлхийн бүс нутгуудын эдийн засгийн хөгжлийн өрсөлдөөний онолыг боловсруулснаараа шинжлэх ухааны хүрээнд нэр олсон. Улс орнуудын өрсөлдөөний давуулаг байдлын онолыг хөгжүүлсэн.

Агуулга

Цадиг намтар


Майкл Портэр 1947онд АНУ-ын Мичиган муж улсад армийн албан хаагчийн гэрт мэндэлсэн. Принстоны Их Сургуулийг дүүргэснийхээ дараагаар Харвардын Их Сургуульд бизнесийн удирдлагаар магистр болон докторын зэрэг горилсон. 1973 оноос Harvard Business School-д ажиллах болсон бөгөөд энэ сургуулийн түүхэн дэх хамгийн залуу профессор гэгдэх болжээ. Мөн тэрээр дэлхийн олон улс орны 100 гаруй салбарыг хамарсан томоохон хэмжээний судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна.
Портэр нийтдээ мэргэжлийн дараахь шагналуудын эзэн болсон. Үүнд:
·              Эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл бичсний учир гурван ч удаа McKinsey-ийн нэрэмжит шагнал хүртсэн:
·              «Менежментийн ухаанд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж, өрсөлдөөний давуулаг байдлын онолыг хөгжүүлсний учир» Америкийн Менежментийн Академиас George R. Terry Book-ын нэрэмжит шагнал хүртсэн:
·              Үндэсний Аж Үйлдвэрийн Эздийн Холбооноос олгодог Adam Smith-ын нэрэмжит шагнал:
·              Долоон сургуулийн хүндэт доктор цол зэргийг дурдах байна.

Төрийн болон хувийн хэвшлийн пүүс, аж ахуйн нэгжүүдэд өгч буй зөвлөх үйл ажиллагаа


Майкл Портэр болбоос өрсөлдөөний мөн чанарыг судлах чиглэлээр дагнан мэргэшсэн нөлөө бүхий мэргэжилтэн юм. AT&T, DuPont, Royal Dutch Shell, Procter&Gamble зэрэг томоохон компаниудад бизнесийн зөвлөх хийхийн зэрэгцээ Alpha-Beta Technologies, Parametric Technology Corp., R & B Falcon Corp, ThermoQuest Corp зэрэгт захирлуудын зөвлөлд багтан ажилладаг.
Энэ бүхний сац Портэр засгийн газарт ч зөвлөх үйлчилгээ үзүүлэх болсон. Тухайлбал, Рейганы засаг захиргааны үед ерөнхийлөгчийн дэргэдэх улс орны өрсөлдөх чадварын үнэлгээний хороонд ажиллаж байсан. Мөн Массачустэс мужийн амбан захирагч Уильямом Уэлдийн саналын дагуу эдийн засгийн өсөлт, техник технологийн зөвлөлөөр даргаар ажилласан. М. Портэр Энэтхэг, Шинэ Зеланд, Канад, Португали улсуудын засгийн газар зөвлөхөөр уригдан ажиллаж байжээ. Одоогоор Төв Америкийн улс орнуудын тэргүүн нарт бүс нутгийн хөгжлийн асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. 1990-иэд оны эхээр Өмнөд Солонгосын засгийн газартай хамтран ажиллаж байсан туршлагатай.
2005 онд ОХУ-ын засгийн газар судлаачаар улс орны өрдсөлдөх чадварыг үнэлэх зорилгоор судалгаа хийлгэсэн байдаг[1]. Портэрийн үзснээр Орос улсын өрсөлдөх чадварт байгаа үндсэн дутагдал нь тус улс хэт түүхий эд дагнасан, хатуу удирдлагатай тогтолцоо бүхий пүүс, компаниудыг бий болсон явдал юм. «Улс орны өрсөлдөх чадварыг хөгжүүлэхийн тулд давын өмнө, үндэсний хэмжээний томоохон компаниудаа үндэсний аюулгүй байдлын үзэл, хараа хяналтаас чөлөөлөх хэрэгтэй. Үндэсний аюулгүй байдлыг хувийн хэвшлийн пүүс, компаниудаар төлөөлүүлэн хангах үзэл санаа General Motors компанитай хамт үеэ өнгөрөөсөн. Одоо энд хэн ч итгэхээ байсан. Эдийн засгийн хөгжлийн суурь үндэс нь орчиндоо хурдан дасан зохицох, өөрт хэрэгцээтэй нөөцийг түргэн хугацаанд дайчлах чадвар бүхий компаниудыг бий болгох явдал юм»[2]гэж тэрээр бичжээ.
Профессор Портэр Америкийн томоохон хотуудын дотоодод эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр томоохон саналууд дэвшүүлэх болсон. Тэрээр Хотуудын Өрсөлдөх Чадварыг Хөгжүүлэх байгууллагын тэргүүн юм.

Үндсэн үзэл санаа


Портэр улс орны өрсөлдөх чадварын өсөлт, эдийн засгийн хөгжилд орчны шинжилгээ чухал үүрэгтэйг онцолсон байдаг. Орчны шинжилгээ улс орны дотоод, гадаад орчны шинжилгээ гэсэн хоёр чиглэлд хийж байвал нэн зохистой.
Портэр өрсөлдөх чадварын шинжилгээний аргыг боловсруулж, үндэсний эдийн засгийн өрсөлдөх чадварын өсөлтийн үе шатыг тодорхойлсон байх (хямд ажиллах хүчин дээр тулгуурлан үе шатаас эхлээд инноваци, баялаг дээр тулгуурлан өрсөлдөх, хөгжих үе шат хүртэл) юм.
Майкл Портэрийн үзснээр улс орны дотоод зах зээл дээр өрсөлдөөн хэдий чинээ хүчтэй өрнөж, бараа, үйлчилгээг хүртэгчид өндөр шаардлага тавина, төдий чинээ тухайн улсаас олон улсын зах зээлд гарч буй пүүс, компаниудын амжилт өндөр байдаг зүй тогтолтой. Харин улс орны дотоодод пүүс, компаниудын дунд өрсөлдөөн хэдий чинээ бага байна, төдий хэрээр өрсөлдөөний давуу байдлаа алддаг жамтай.
Эндээс улс орны өрсөлдөх чадварын хөгжилд хувийн хэвшлийн пүүс, компаниуд голлох үүрэгтэй гэсэн санаа гарч байна. Пүүс, компаниудын үйл ажиллагаа жигдрэхэд чиг үүргийн буюу функциональ стратеги чухал гэсэн санааг Портэр гаргасан. Түүний үзснээр чиг үүргийн стратегийг боловсруулахдаа дараахь зүйлсийг түлхүү анхаарах хэрэгтэй. Үүнд:
·         Пүүс, компаниудын дотоод зохион байгуулалтын нэгжүүдийн чиг үүргийг нарийн тодорхойлж өгөх:
·         Менежерүүдийн эрх, үүргийг тодорхой болгох:
·         Байгууллагын хөгжилд зохион байгуулалтын нэгж бүр хэрхэн нөлөөлөхийг тодлох:
·         Зохион байгуулалтын хувьд чиг үүргийн хуваарилалтыг нарийн, чанд хийх:
·         Хэрэв боломжтой бол дотоод нэгжүүд нэгэн зэрэг үр бүтээлтэй ажиллах тэр боломжийг бүрдүүлэх:
·         Дотоод зохион байгуулалтын нэгжүүдийн үйл ажиллагааг нэг зорилгын төлөө зангидах:
·         Үйл ажиллагааны явцад зөрчил үүсгэхүйн тулд эрх, үүргийг нарийн зааглах, мэргэжлийн ёс зүйг мөрдүүлэх зэрэг болно.
Байгууллагын нийтлэг зорилгыг хангах үүндээс тухайн байгууллагын нөөцийг үр дүнтэй хуваарилах, байгууллагын дотоод зохион байгуулалтын нэгж бүрийн үйл ажиллагааны хамгийн зохистой хэлбэрийг олж тогтоох тэр үйл явц нь функциональ буюу чиг үүргийн стратеги юм.
Функциональ буюу чиг үүргийн стратеги нь дараахь үндсэн зургаан төрөлтэй. Эдгээрт:
·         Маркетингийн стратеги:
·         Санхүүгийн стратеги:
·         Инновацийн стратеги:
·         Үйлдвэрлэлийн стратеги:
·         Нийгмийн стратеги:
·         Экологийн стратеги болно.
Аливаа байгууллага чиг үүргийн стратеги хэрэгжүүлэхийн суурь үндэс нь бараа, үйлчилгээний өрсөлдөөнд давуу байдал олох, улмаар нэмүү өртөг бүтээх явдал юм. Өнгөрсөн зууны эхэээр пүүс, компаниуд хэрэглэгчийн стандартад нийцсэн, хамгийн гол нь, байж болох хамгийн доод үнээр бараа, үйлчилгээ нийлүүлж чадвал өрсөлдөөнд давуулаг байдал олж болно гэж үздэг байв. Гэтэл өнгөрсөн зууны 50-иад оноос зах зээлийн орчин өөрчлөгдөж, зөвхөн нийтлэг стандарт, доод үнэ төдийгүй хэрэглэгчийн сэтгэл ханамж, эрх ашгийг хангасан, өөрийн гэсэн онцлог бүхий, олон төрөлт бараа, бүтээгдэхүүн нийлүүлж байж сая өрсөлдөөнд давуулаг байдал олно гэж үзэх болжээ. Үүнийг бизнесийн удирдлагад ялгаварт стратегиийн үзэл баримтлал хэмээн нэрлэдэг.
Байгууллага, аж ахуйн нэгжийн ч тэр, улс орны ч тэр өрсөлдөх чадварыг үнэлэхдээ дараахь таван хүчинд онцгой анхаарах хэрэгтэй гэж Портэр 1979 онд нийтлүүлсэн «How Competitive Forces Shape Strategy»нэрт бичвэртээдурдсан. Үүнд:
·         Өрсөлдөгч шинэ бараа, үйлчилгээ бий болох аюулыг шинжлэх:
·         Өрсөлдөх чадвар бүхий шинэ тоглогч бий болох аюулыг шинжлэх:
·         Адил, төрөл бүхий бараа, үйлчилгээ нийлүүлэгчдийн зах зээлийг шинжлэх:
·         Бараа, үйлчилгээ хэрэглэгчдийн эрэлтийг шинжлэх:
Пүүс, компаниудын хооронд явагдах өрсөлдөөний түвшинг шинжлэх зэрэг болно. Эдгээрийг судлахдаа ихэвчлэн PEST-шинжилгээ, PESTLE-шинжилгээ, SWOT-шинжилгээ, SNW-шинжилгээзэргийг ашигладаг байна.
Портэрийн The Competitive Advantage of Nations  бүтээл Орос хэл дээр «Олон улсын талбар дахь өрсөлдөөн» нэрээр гарчээ.

Бүтээлийн дээжис

Нэг сэдэвт бүтээл

·              Interbrand Choice, Strategy, and Bilateral Market Power (Harvard Economic Studies). — Cambridge, Mass.: Harvard University Press, 1976. — 254 p. — ISBN 0-674-45820-6.
·              Competitive Strategy: Techniques for Analyzing Industries and Competitors. — New York: The Free Press, 1980 (2nd ed. — New York: Free Press, 1998. — 397 p. — ISBN 978-0-684-84148-9);
русск. пер.: Конкурентная стратегия: Методика анализа отраслей и конкурентов / пер. с англ. И. Минервина; — М. : «Альпина Паблишер», 2011. — 454 с. — ISBN 978-5-9614-1605-3.
· Competitive Advantage: Creating and Sustaining Superior Performance. — New York: The Free Press, 1985 (2nd ed. — New York: Free Press, 1998. — 592 p. — ISBN 978-0-684-84146-5);
русск. пер.: Конкурентное преимущество: Как достичь высокого результата и обеспечить его устойчивость / пер. с англ. Е. Калининой. — М.: «Альпина Паблишер», 2008 (2-е изд. — 2008). — 720 с. — ISBN 978-5-9614-0760-0.
·            Competitive Advantage of Nations. — New York: Free Press, 1990 (2nd. ed. — New York: Free Press, 1998. — 896 p. — ISBN 978-0-684-84147-2);
русск. пер.: Международная конкуренция: Конкурентные преимущества стран. — М.: Международные отношения, 1993. — 896 с. — ISBN 5-7133-0413-2.
·                       On Competition. — Boston: Harvard Business School, 1998;
русск. пер.: Конкуренция. — М.; СПб.; Киев: Вильямс, 2-е изд. — 2006. — 608 с. — ISBN 5-8459-0794-2.
·          Can Japan Compete? — Basic Books, 2000. — 208 p. — ISBN 0-465-05989-9;
русск. пер.: Портер М., Такеути Х., Сакакибара М. Японская экономическая модель. Может ли Япония конкурировать? — М.: «Альпина Паблишер», 2005. — 262 с. — ISBN 5-9614-0130-8.
·  Porter M. E., Elizabeth Olmsted Teisberg E. O. Redefining Health Care: Creating Value-Based Competition on Results. — Boston: Harvard Business School Press, 2006. — 506 p. — ISBN 1-59139-778-2.

Эмхэтгэл

·  Porter, M. E. (ed.) Competition in Global Industries. Boston: Harvard Business School Press, 1986.

Шилмэл өгүүллүүд

·  Porter M. E. How Competitive Forces Shape Strategy // Harvard Business Review, March/April 1979.
·  Porter M. E. From Competitive Advantage to Corporate Strategy // Harvard Business Review, May/June 1987, pp 43–59.
·  Porter M. E. Towards a Dynamic Theory of Strategy // Strategic Management Journal, 1991, 12 (Winter Special Issue), pp. 95–117.
·  Porter M. E. What is Strategy // Harvard Business Review, Nov/Dec 1996.
·  McGahan A. M., Porter M. E. How Much Does Industry Matter, Really? // Strategic Management Journal, 1997, 18 (Summer Special Issue), pp. 15–30.
·  Porter M. E. Strategy and the Internet // Harvard Business Review, March 2001, pp. 62–78.
·  Porter M. E., Kramer M. R. Strategy and Society: The Link Between Competitive Advantage and Corporate Social Responsibility // Harvard Business Review, December 2006, pp. 78–92.

Нэмэлт судлагдахуун

Эх сурвалж

·  Джоан Магретта. Ключевые идеи. Майкл Портер — М.: «Манн, Иванов и Фербер», 2013. — С. 272. — ISBN 978-5-91657-758-7

Ишлэл, зүүлт

2.            Любим — не любим // Эксперт-Урал, 25.07.2007

МОНГОЛЧИЛГО ХИЙСЭН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР

オトゴンバヤラ・ニヤマうin English: Otgonbayar Nyamaa, 日本製オトゴンバヤラ・ニヤマう, по Русский: Отгонбаяр Нямаев, Монголоор: Нямаагийн Отгонбаяр,1982613 )は、モソゴル政治学者。いまがろ、ハンガイ大学の先生ですオトゴンバヤラは、1999から2003まで、モソゴル国立大学を終えるました。

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...