Monday, May 25, 2015

МЕНЕЖМЕНТ ХИЧЭЭЛЭЭР УНШИХ НОМЫН ЖАГСААЛТ



1.       О. Батсайхан, Н. Сэнгээ, Д. Чинцэцэг (2012).Бизнесийн удирдахуйн ухаан, УБ.
2.       О. Батсайхан, Г. Төртогтох (2013).Ажил хэргээ менежментээр удирдахуй, УБ.
3.       Т. Дорж, Ч. Чимид (2000).Менежмент, УБ.
4.       Т. Дорж (2003).Монгол менежмент, УБ.
5.       Г. Жаргал, Г. Тэгшбүрэн (2007).Төслийн менежмент, УБ.
6.       Л. Оюунцэцэг (2004).Бүтээмжийн менежментийн онол арга зүйн асуудал, УБ.
7.       Т. Сосорбарам (2009).Чанарын нэгдсэн удирдлага, УБ.
8.       Г. Төртогтох, Т. Наранцогт (2013).Байгууллагын менежмент, УБ.
9.       Ч. Чулуунцэцэг, Ц. Өнөржаргал (2012).Төслийн удирдлага, УБ.
10.    Я. Шуурав (2009).Менежмент, УБ.
11.    П. Шүрчулуу (2003).Японы 5С гэж юу вэ?, УБ.
12.    Н. Цэнд, Я. Шуурав, Б. Эрдэнэсүрэн (2005).Менежмент, УБ.
13.    Н. Цэнд, Д. Оролмаа, Ц. Ариунсанаа (2005).Төслийн менежмент, УБ.
14.    Г. Эмерсон (2001).Бүтээмжийн 12 зарчим, УБ.
Жич: Эдгээр бүтээлүүдээс гадна төрийн удирдлага, захиргааны чиглэлээрwww.public9administration.blogspot.com, менежментийн чиглэлээр www.gerganmanagement.blogspot.com, эдукологи, боловсрол судлалын чиглэлээрwww.mongolianpreschooleducation.blogspot.com, төрийн албаны ёс зүй, мэргэжлийн ёс зүйн чиглэлээрwww.mongolianethics.blogspot.comцахим хаягууд дах бичвэрүүдийг унших, судлах.

МЭРГЭШҮҮЛЭХ АНГИЙН ЭРХЭМ СОНСОГЧДОД СУРЛАГЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.

Monday, May 18, 2015

ЭРИН ЗУУНЫ ШИЛДЭГ МЕНЕЖЕР, ФОРД МОТОР КОМПАНИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ ХЭНРИ ФОРД




Хэнри Форд болбоос Америкийн нэртэй бизнесмэн, энэрэнгүй үзэлтэн, шинийг санаачлагч нэгэн мөн. Тэрээр Форд Мотор компанийг үүсгэн байгуулагч бөгөөд 1908 онд анхны Т Форд загварын автомашиныг үйлдвэрлэсэн түүхтэй. Үүгээрээ Хэнри Форд Америкийн Нэгдсэн Улсын автомашин үйлдвэрлэлд томоохон хувьсгал хийсэн нэгэн юм.
Тэрээр 1863 оны долдугаар сарын 30 нд Америкийн Мичиган муж улсын Дэарборн хотноо мэндэлжээ. Түүний эцэг, эх Ирландаас цагаачилж ирсэн улс байсан бөгөөд Форд зургаан хүүхэдтэй айлын хамгийн том нь байв. Балчир насаа хөдөө фирмид хэр тааруухан амьдралтай өнгөрөөсөн тэрээр өсч яваа залуу хүний хувьд фирмийн амьдралд төдийлөн таалалтай байсангүй ээ.
Форд 1879 оноос машинистаар хөдөлмөрийн гараагаа эхэлсэн байдаг. Улмаар 1882 онд Вэстинхаус компанид шилжин ажиллах болжээ. Форд 1893 оноос Эдисоны гэрэлтүүлэгийн компанид ахлах инженерээр ажиллаж эхэлсэн байна. 

Форд ямагт машин механизм, түүний эд, ангийг сонирхож шинэ зүйл бүтээхийг эрэлхийлдэг байлаа. Үүний үр дүнд 1893 онд анхны хийгээр ажилладаг хүүхдийн тэргийн бүтээсэн байна. Дэтройтын Автомашины компаний хөрөнгө оруулагчидтай хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг зорьсон ч харамсалтай нь, бүтэлгүйтэж дампуурсан юм. 1903 онд Форд Мотор компанийг үүсгэн байгуулахаасаа өмнө Хэнри Форд хэмээх компанитай байв.




Форд Мотор компани 1908 он гэхэд Т загварын автомашинаа амжилттай зохион бүтээж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байдаг. Хэдийгээр хөрөнгө мөнгөний тал дээр санаа зовох зүйл гараагүй ч Форд автомашинаа үргэлжлүүлэн үйлдвэрлэхээр шийдвэрлэсэн байна.  1913 онд автомашинаа олон нийтэд танилцуулсан ба 1918 он гэхэд АНУ-ын нийт автомашины тал хувь буюу 15 сая автомашин Т загварын машин байсан бөгөөд 1927 онд Т загварыг үйлдвэрлэхээ больжээ. 

1926 оноос Т загварын машинаа шинэчлэх ажлыг эхлүүлж гардан хэрэгжүүлэх үүргийг өөрийн хүүд даатгажээ. Нөр их хичээл зүтгэл гаргасаны үр дүнд Форд А загварын автомашин 1927 оны арванхоёрдугаар сард бэлэн болсон бөгөөд 1931 он хүртэл нийтдээ 4 сая ширхэг үйлдвэрлэгджээ.
Форд хэдийгээр улс төрийн амьдралыг шимтэн сонирхдог байсан боловч төдийлөн амжилт гаргаж байгаагүй юм. Үүний нэг илрэл нь Сенатад Ардчилсан Намаас нэр дэвшээд ялагдсан явдал болно. Форд ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд онцгой анхаарч байв. Тухайлбал ажлын хөлсийг нэмэх, долоо хоногийн ажлын өдрийг 5 болгох, 40 цагаас илүү ажиллахыг хориглосон байх жишээтэй.
Хэнри 1936 онд Форд Санг үүсгэн байгуулсан бөгөөд уг сангийн зорилго нь боловсрол, хөгжлийн судалгааг дэмжих, хүмүүсийн сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд санхүүжилт олгоход оршиж байв.
Хүн төрөлхтөний суут хүмүүн, шилдэг менежер, зохион бүтээгч, Форд Мотор компаний ерөнхийлөгч Хэнри Форд 1947 онд бурхны оронд заларчээ.
МЭДЭЭЛЛИЙН ЭХ СУРВАЛЖ: Biography of Henry Ford \\ http://www.woopidoo.com/biography/henry-ford/index.htm

ЛЕКЦИ №2. БАЙГУУЛЛАГА, ТҮҮНИЙ ТУХАЙ ОЙЛГОЛТ, ОНОЛ ҮЗЭЛ БАРИМТЛАЛУУД





Энэ удаагийн лекцийн хүрээнд бид байгууллага гэж юу болох, хүмүүсийн хамтын ажиллагааны уг хэлбэрийн тухай ямар ямар онолын үзэл баримтлалууд байдаг, тэдгээрийг хүний мэдлэгийн ямар хүрээнд судалдаг болох, байгууллагын тухай асуудал менежментийн ухаантай хэрхэн ямар арга замаар холбогддог гэх мэт онол, арга зүйн томоохон асуудлыг авч үзэх болно.
Менежментийн ухааны зорилго нь аливаа аж хуйн нэгж, байгууллага, пүүс, компанийн үйл ажиллагааны үр дүнгээр тодорхойлогдох хөдөлмөрийн бүтээмж, ашигт байдлыг туурвих үйл ажиллагаа мөн бөгөөд эдийн засгийн үр дүнтэй арга хэрэгсэл, шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, удирдлагын шинэлэг арга хэрэгсэл зэрэгт тулгуурлан дээрх зорилгыг хангах боломжтой тухай өмнөх лекцид нэгэнтээ өгүүлсэн билээ.
Байгууллага, түүний хөгжил, өөрчлөлт, ерөнхий зүй тогтол, үйл ажиллагааны түгээмэл зарчмуудыг судлах мэдлэгийн салбарыг байгууллагын онол гэж нэрлэдэг. Гэхдээ байгууллагын онол нь сэтгэл судлал, социологи, философи, эдийн засгийн ухаан, менежмент, хууль цаазын ухааны уулзвар зааг дээр XX зуунд бий болсон. Өөрөөр хэлбэл байгууллагын тухай асуудлыг дан ганц менежментийн ухаан судалдаггүй гэсэн үг юм.
Тэгвэл менежментийн ухаан байгууллагын ямар шинжийг голчлон судалдаг вэ?
Энэ асуултад хариулт олох нь менежментийн хичээлийн энэ удаагийн лекцид чиглүүр болж өгөх учир онол, арга зүйн нэлээд ач холбогдолтой гэж үзэж байна. Асуултад хялбар байдлаар тайлал өгөхийн тулд дараах хүснэгтийг хавсаргав.
Шинжлэх Ухааны мэдлэгийн төрлүүд
Судлах зүйл

1
Байгууллагын онол
Байгууллагын мөн чанар, хэв шинж, зорилго, үүрэг, орчин, бүтэц, харилцаа холбоо, үйл ажиллагааны арга хэрэгсэл, орчиндоо дасан зохицох үйл ажиллагаа, төлөвлөлт, байгууллагын хөгжил, өөрчлөлт

2
Менежмент буюу удирдахуйн ухаан
Байгууллага дах удирдлагын обьект, субьект, байгууллагын ажилчдын хөдөлмөрлөх үйл ажиллагааны сэдэлжүүлэлт, урамшуулан тэтгэх үйл ажиллагаа, байгууллагын дотоодод шийдвэр боловсруулах, гарах үйл явц, байгууллагын удирдлагын төлөв байдал, тэдгээрийг мэргэшүүлж сургах үйл ажиллагаа, шугаман болончиг үүргийн удирдлага

3
Сэтгэл судлал
Байгууллагын доторх ажилчдыг сургалт, мэргэшүүлэх үйл ажиллагаа, ажилчдын үйлдлийг үнэлж цэгнэх үйл ажиллагаа, хөдөлмөрийн үйл ажиллагааг хэрхэн сэдэлжүүлэх тухай асуудал, ажлын байрнаас авах сэтгэл ханамж, ажилчдын баялаг бүтээх үйл ажиллагаанд хандах сэтгэлгээний чиг, ажлын байран дах үйл байдлын хэлбэрүүд

4
Социологи
Хөдөлмөрийн хамт олны хөгжил, өөрчлөлт, хөдөлмөрийн үйл ажиллагааг зохицуулж буй хэм хэмжээ, ажилчдын ажлын байран дах чиг үүргийн хуваарилалт, эрх мэдэл, ажлын байран дах зөрчил, бюрократи, байгууллагын соёл, нийгэмшилт
5
Нийгмийн сэтгэл судлал
Ажлын байран дах ажилчдын зан байдал, байр суурийн өөрчлөлт, хөдөлмөрийн хамт олны доторх үйл явц
6
Хүн судлал
Үнэлэмж, хэм хэмжээ, байр суурь, ёс зүйн онцлогуудыг харьцуулан судлах
7
Эдийн засгийн ухаан
Зохицуулалт, зах зээлийн харилцаа, үр дүн, бүтээмж, эдийн засгийн стратеги
8
Хууль цаазын ухаан
Байгууллагын доторх үйл ажиллагааг зохицуулах хэм хэмжээ, стандарт, дүрэм журам, хариуцлага, эрхийг судлах
9
Мэдээлэл харилцааны ухаан
Байгууллагын доторх мэдээллийн урсгал, шийдвэр гаргахад шаардлагатай мэдээллийн нөөц бүрдүүлэлт, мэдээллийн технологи, телекоммуникаци
Эх сурвалж: Л. М. Арутюнова, Е. В. Пирогова. (2007). Теория организации: Учебное пособие, Ульяновск: УлГТУ, стр.8.
Энэ хүснэгтээс харахад менежментийн ухаан нь байгууллага, түүний удирдлагын үйл явц, зорилгодоо хүрэхэд уг үйл явцыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах тухайд дагнан судалгаа хийдэг, практик зөвлөмж боловсруулдаг мэдлэгийн төрөл болохыг төвөггүй ойлгож болохоор байна.
Байгууллага гэдэг нь бүтээх, босгох гэсэн утгатай латин үгний бүтээвэр мөн. Менежментийн ухааны судлах зүйл нь хүмүүсийн хамтын үйл ажиллагааны бодот илрэл болсон байгууллагын хөгжил, түүний түгээмэл зарчим, зүй тогтлыг удирдлагын талаас нь шүтэлцүүлэн судлах явдал юм. Харин менежментийн ухааны обьект нь байгууллага, түүний удирдлагын тухай ойлголт болно.
Менежментэд байгууллагыг ерөнхийд нь судалгааны обьект, удирдлагын үйл явц, үйлдэлба нөлөөлөл гэсэн гурван янзаар тайлбарладаг.
Судалгааны обьект болохын хувьд байгууллагыг тодорхой чиг үүргийг хэрэгжүүлэх нийгмийн бүтцийн нэг хэсэг буюу элемент болсон хүмүүсийн зохиомол нэгдэл мөн гэж үздэг.
Удирдлагын үйл явц болохын хувьд байгууллагыг бүхэл нэгэн тогтолцооны харилцан уялдааг хангах үүднээс гаргаж, хэрэгжүүлэх дүрэм журам, шийдвэр, тогтоолын нийлбэр цогц мөн гэдэг.
Харин үйлдэл ба нөлөөлөл болохын хувьд байгууллага гэдэг нь ямар нэгэн обьектын үйл ажиллагаа, үйлдлийг дэг журам, эмх цэгцэд оруулах үйл явц  юм. Менежментэд дээрх бүх хувилбарыг нэгэн адил судлах зорилго өмнөө тавьдаг.
Байгууллагын асуудлыг шинжлэх ухааны түвшинд хөгжүүлсэн хүн бол Америкийн нэртэй эрдэмтэн Питэр Фэрдинанд Драйкэр (Peter Ferdinand Drucker, 1946, 1954)болохыг өмнөх хичээлээр нэгэнт үзсэн билээ. Байгууллага, түүний хөгжил, өөрчлөлтийн талаарх судалгаанд дараах онол, үзэл баримтлалуудыг бий болсон байна. Үүнд:
v  Байгууллагын сонгодог онол:
v  Байгууллагын сонгодог бус онол:
v  Байгууллагын системийн онол:
v  Байгууллагын нөхцөл байдлын онол:
v  Байгууллагын неомодернист онол.
Байгууллагын сонгодог онол

Байгууллагын сонгодог онол нь байгууллагын бодот хүчин зүйл, байгууллагын дотоод дах албан ёсны харилцаа, байгууллагын тогтвортой алсын хараа, удирдлагын технологи, гадаад орчинд голлон анхаардаг.
Гол төлөөлөгчид нь Ф. У. Тэйлор, Ф. Гилбрэт, Л. Гилбрэт, Х. Л. Хант, Г. Эмерсон, М. Л. Кук, А. Файоль, Ж. Д. Лизнэй, А. С. Рэйли, Л. Урвик, М. Вэбэр нарын хүмүүс юм.
Сонгодог онол ёсоор байгууллагыг бүхлээр нь удирдлагын зүгээс үр дүнтэй хянаснаар тухайн байгууллага амжилт олохын үндэс тавигдана гэж үздэг. Зохион байгуулалтын зарчим, зохион байгуулалтын бүтцийн хэмжүүр, удирдлагын хатуу чанд байдал, эрх, үүргийн хариуцлага сайтар боловсруулагдсан, төлөөлөл зэрэг нь байгууллагын сонгодог онолын үндсэн санаа юм.
Байгууллагын сонгодог онолын хөгжилд Германы социологич М. Вэбэр бюрократийн онолоороо томоохон нөлөө үзүүлсэн. Гэсэн ч энэ онолыг Мичиганы Их Сургуулийн профессор Рэнсис Лайкэрт байгууллагын үр ашгийг тэглэх онол хэмээн нэрлэж шүүмжилсэн байдаг.
Байгууллагын сонгодог бус онол
Сонгодог бус онол нь байгууллагын үндсэн бүрэлдэхүүн хэсэг болох ажилтанд голлон анхаардагаараа онцлогтой. Байгууллага гэдэг нь өөр хоорондоо эрх, үүргийн харилцан хамааралд орших хүмүүсийн үйл байдлын нийлбэр цогц юм.
Байгууллагын удирдлагын арга барил, гадаад орчин байнга өөрчлөгддөг. Үүнийгээ дагаад маш их эрсдэл бий болдог байна.
Ажилчдыг ажлын байран дээр нь сэдэлжүүлэх, ажиллах урам зоригийг өдөөх, хамт олны доторх харилцааны уур амьсгалыг залж чиглүүлэх, хошуучлан манлайлах, удирдлагын үйл явцад ажилчдыг оролцуулах, эрх олгох, үүрэг хүлээлгэх замаар байгууллагыг үр дүнтэй удирдаж болно гэж энэ онолын төлөөлөгчид үздэг. Гол төлөөлөгч Хэрбэрт Саймон болно.
Байгууллагын системийн онол
Байгууллагын системийн онол нь тодорхойгүй, эрсдэлтэй орчинд байгууллага хэрхэн үр дүнтэй ажиллах вэ гэдэгт голлон анхаардаг. Ингэхдээ дараах зүйлийг гол болгодог. Үүнд:
v  Байгууллагад ажиллаж буй бүх ажилтны эрх ашгийг боломжит хэмжээгээр тусгасан шийдвэр гаргадаг байх:
v  Удирдлагын шийдвэр гаргах үйл явц нэг төвөөс хамааралтай байх:
v  Бүхэл нэгэн тогтолцоо болох байгууллагын дотоодод мэдээллийн чөлөөтэй урсгалыг бий болгох:
v  Байнга суралцаж, өөрийгөө хөгжүүлдэг байх:
v  Гадаад, дотоод орчны тодорхой бус, эрсдэлтэй байдлыг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаандаа тусгах зэрэг зүйлс багтана.
Хамгийн гол нь байгууллагын төвөөс гарч буй шийдвэр нэн чухал гэж үздэг. Гол төлөөлөгчид нь Т. Парсонс, Уилфэлд Браун, Эллиот Жэквэсс нар болно.



Байгууллагын нөхцөл байдлын онол

Аливаа байгууллага амжилттай ажиллахын жинхэнэ шалтгаан нь гадаад, дотоод нөхцөл байдлаас шууд хамаарна. Үүнээс үүдээд байгууллага тодорхой нэг зорилгод хэт шүтсэн байдлаар үйл ажиллагаагаа эрхлэн явуулж болохгүй. Мөн удирдлагын арга барил ч  нөхцөл байдлаас хамааран өөрчлөгдөж байдаг. Тиймээс асуудлын хамгийн зөв гаргалгаа нь байгууллага шинийг санаачлагч, дасан зохицох дээд зэргийн шинж чанартай байхад оршино. Гол төлөөлөгч Игорь Ансофф болно.
Байгууллагын неомодернист онол
Неомодернист онолоор байгууллага гэдэг нь харьцангуй бие даасан ажилтнуудын холбоо юм. Эрх олгох, үүрэг хүлээлгэх асуудал ямагт хувь ажилтны шинжтэй байдаг. Ажилтнууд ажлын тодорхой шаардлагадаа нийцүүлж хамтран ажиллах, шийдвэр гаргахад хамт олон болж оролцдог. Гэхдээ энэ хамт олон түр зуурын шинжтэй гэдгийг сайтар санах хэрэгтэй.
Өөрөөр хэлбэл түр зуурын холбоо үүсээд эргээд сарнидаг гэсэн үг юм. Байгууллагад зохион байгуулалтын тодорхой бүтэц байх ёсгүй. Удирдлагын төвлөрсөн арга барил байгууллагад хэрэггүй. Харин байгууллагын удирдлагын зүгээс нийт ажилтнуудын ажлын уялдааг хангах зохицуулалтын чиг үүрэг юу юунаас илүү сайн гадан хэрэгжүүлдэг байх ёстой. Гол төлөөлөгч Дуглас Норт юм.
Сүүлийн үеийн онолын хандлагууд
XXI зууны эхэн үеэс байгууллага, түүний мөн чанарын тухай дараах үзэл хандлагууд бий болж хөгжих болсон. Үүнд:
v  Реинжинирг буюу байгууллагын мэдээлэл, технологийн үндсийг сууриар нь өөрчлөх онол:
v  Корпорацийн дотоод зах зээлийн үзэл баримтлал:
v  Альяанс буюу холбоолсон байгууллагуудын үзэл баримтлал:
v  Экологийн баримжаатай удирлагын үзэл баримтлал:
v  Сүлжээ байгууллагын үзэл баримтлал:

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...