Wednesday, November 15, 2017

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн технологи гэх утгаар нэвтрүүлсэн, нийгмийн үүдлэгт хэрэглэсэн хүн бол Америкийн улс төрийн зүтгэлтэн, сенатор, Массачусэтс муж улсын амбан захирагч, АНУ-ын тав дахь дэд ерөнхийлөгч асан Элбриж Т. Жэрри (1744-1814 он) гэгч билээ. Төрийн эрх мэдлийг баригч улс төрийн хүчний бүтцэд зохиомол өөрчлөлт оруулах зорилгоор сонгуулийн тойргийн хилийн цэсийг дур мэдэн гажуудуулах улс төрийн ёс зүйгүй, хууль бус үйл ажиллагааны нийлбэр цогцыг жерримендеринг гэж нэрлэдэг. Уг үйл ажиллагаа нь сонгогчдын сонгуулийн тэгш эрхийн зарчмыг ноцтойгоор зөрчдөг муу талтай. Нутаг дэвсгэрийн хувьд өргөн уудам, засаг захиргааны хуваарилалт жигд бус хийгдсэн, мажоритари сонгуулийн тогтолцоотой орнуудад жерримендеринг технологи хүчтэй хэрэглэгддэг байна.
Хүчтэй намын тогтолцоотой, парламентын засаглал бүхий орнуудад түгээмэл хэрэглэгдэх болсон. Сөрөг намд цөөн тооны суудал өгч, парламент буюу хууль тогтоох хуралд үнэмлэхүй олонх болох зорилгоор эрх баригч нам нь Англи, Франц, Герман, АНУ, Филиппин, Кувейт, Судан, Турк, Сингапур, Балба, Мальта, Малайз зэрэг зэрэг орнуудад жерримендеринг технологийг хэрэглэж байв.
АНУ-ын хувьд хар арьст сонгогчдын саналын луйвардах, тэдний төлөөллийг хууль тогтоох хуралд сонгуулахгүй байх зорилгоор энэ технологийг хэрэглэж байсан. Хар арьст хүн ам зонхилсон тойрогт цөөнх болсон цагаан арьст хүн амын саналыг чухалчлах үүднээс жерримендеринг технологийг хэрэглдэг. Үр дүнд нь хар арьст сонгогчдын санал хүчгүйдэж, хууль тогтоох хуралд тэдний төлөөлөл сонгогдож чаддаггүй байна. Мэдээж хэрэг, Флорида мэтийн зарим муж улсад цагаан арьст сонгогчдын саналыг хүчгүйдүүлэх, хар арьст сонгогчдын саналыг ноёлуулах зорилгоор ийм технологи хэрэглэж байсан тохиолдол бас байна.
1812 онд Элбриж Т. Жэрри энэ технологийг анх хэрэгжүүлсэн бөгөөд үр дүнд нь Сенатад Ардчилсан-Бүгд Найрамдах Нам 40 суудлын 29-ыг авсан бол Холбооны Үзэлтнүүдийн Нам ердөө 11 суудал авч байжээ. Хэдийгээр сонгогчид Холбооны Үзэлтнүүдийн Намд үнэмлэхүй олонх нь санал өгсөн ч ийм үр дүн гарчээ.
Монгол улсын тухайд жерримендеринг технологийг Ардчилсан Нам, Монгол Ардын Нам харилцан үгсэн тохиролцох байдлаар 2016 оны сонгуульд хэрэглэсэн байдаг. Харамсалтай нь, зарим улс төрийн хүчний хувьд санасан үр дүнгээ авч чадалгүй ялагдал хүлээсэн юм. Улс орон болгоны сонгогчид өөр өөрийн гэсэн онцлогтой. Монголын сонгогчид нутгаар талцах, нэр дэвшигчээс гадна намын бодлого, нэр хүндийг чухалчилж үздэг онцлогтой. Эдгээр зүйлийг дутуу тооцож үзсэнээр тооцсон үр дүндээ хүрээгүй байх магадлалтай.

ТОЛМОЧИЛСОН: ЭТҮГЭН ИХ СУРГУУЛИЙН НИЙТИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГЫН БАГШ, УЛС ТӨР СУДЛААЧ, ДОКТОРАНТ НЯМААГИЙН ОТГОНБАЯР

Sunday, November 12, 2017

АНГЛИЙН УЛС ТӨР СУДЛААЧ, БАРОН ФИЛИПП ГОУЛД "СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТ"

Сонгуулийн кампанит ажлыг амжилттай зохион байгуулахад стратеги төлөвлөлтөөс илүү чухал зүйл гэж байдаггүй. Гэхдээ сонгуулийн урьдчилсан кампанит ажлын үед түүн шиг ойлгоход төвөгтэй, хэцүү асуудал байхгүй биз. Өгүүллийн хүрээнд судлаач сонгуулийн кампанит ажлыг хэн бүхэнд ойлгомжтой, хүртээмжтэй хэлбэрээр тайлбарлахыг оролдсон болно (...)
I ХЭСЭГ. СТРАТЕГИ ТӨЛӨВЛӨЛТИЙН ҮЙЛ ЯВЦ
Стратеги төлөвлөлтийн үйл явц дараах дөрвөн үе шаттай. Үүнд: 
1. Олон нийтийн санаа бодлыг тандах, өрсөлдөгчөө судлах замаар мэдээлэл цуглуулах:
2. Сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хүчтэй, сул талыг тодлох, нээн илрүүлэх замаар өөрт байгаа мэдээлэлд үнэлэлт, дүгнэлт өгөх:
3. Стратегиа тодорхойлох: Зорилтот бүлэг, асуудал, зорилго, стратеги, үндсэн уриагаа тодорхойлох:
4. Төлөвлөх, өөрөөр хэлбэл, саяын дурдсан зүйлсийг кампанит ажлын төлөвлөгөөнд эрэмбэ, дараатайгаар тусгах. 
Одоо бүгдээрээ эдгээр үе шатыг нарийвчлан авч үзье.
I.1. МЭДЭЭЛЭЛ
Стратеги төлөвлөлтийн үйл явцыг мэдээлэлгүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Өрсөлдөх нэр дэвшигчээ судлах, олон нийтийн санаа бодлыг тандах гэсэн мэдээлэл олж авах хоёр үндсэн арга байдаг. 
Аливаа улс төрийн кампанит ажлыг зохион явуулахад олон нийтийн санаа бодлыг тандах явдал туйлын чухал. Олон нийтийн санаа бодлыг дараах хоёр аргаар судалдаг байна. Үүнд:
1. Сонгогчдын санаа бодлыг асуулгын аргаар судлах тоон судалгаа:
2. Фокус бүлгийн судалгаа болно.
Анхдагч тоон судалгаа танай намын нэр дэвшигч, түүний өрсөлдөгчийн талаар бодитой мэдээллийг өгдөгөөрөө онцлогтой. Энэ төрлийн судалгаагаар дараах зүйлийг тодлох боломжтой. Эдгээрт: 
·         Сонгогчдын санаа бодол:
·         Улс орны талаарх төсөөлөл (Улс орон хөгжиж байгаа, эсэх):
·         Эдийн засгийн байдалд өгч буй үнэлэлт, дүгнэлт ( Эдийн засгийн хөгжил хэр байгаа, хүмүүсийн амьдралд хэрхэн нөлөөлж байгаа тухайд):
·         Сонгогчдын өмнө тулгамдаж буй асуудал ( Эрүүл мэнд, батлан хамгаалах, эсвэл хүн амын орлогын түвшинг дээшлүүлэх гэх мэт):
·         Сонгуульд оролцож буй намуудын хүчтэй, сул тал:
·         Улс төрийн нам, нэр дэвшигчийн имиж: Цаг үеийн шаардлагад нийцэж байгаа, эсэх, сонгогчдын хүсэл сонирхлыг тусгасан эсэх:
·         Сонгогчдын зүгээс хамгийн их найдлага төрүүлж буй нэр дэвшигч хэн болох: Эдийн засаг, гадаад харилцаа, нийгмийн үйлчилгээний салбарт ямар бодлого үгүйлэгдэж байгаа, нэр дэвшигчийн хөтөлбөрт хэрхэн тусгах зэргийг тодлоно. 
Энэ төрлийн судалгаа нь сонгуулийн кампанит ажил өрнөж буй улс төрийн талбарыг бүхлээр нь, зураглах боломжийг нэр дэвшигчдэд олгодог байна. Сонгуульд өрсөлдөж буй намуудын хүчтэй, сул тал, сонгогчдын итгэл, найдвар, сонгуулийн сурталчилгаа хийгдэх талбар, таны байр суурь ямар байх зэрэг олон асуудлыг тодлох, улмаар дараагийн алхамаа төлөвлөж хийхэд тоон судалгаа тусалдаг. Гэвч сонгогчдын итгэл үнэмшил, үнэлэмж рүү тэр бүр гүн гүнзгий нэвтэрч чаддаггүй. Үүнд өөр төрлийн судалгаа хэрэгтэй болдог. 
Фокус бүлгийн судалгааг тодорхой зохиомжийн дагуу хөтлөн явуулах 6-8 хүний бүрэлдэхүүнтэй баг гардан хэрэгжүүлдэг. Хэдийгээр найдвартай тоон үр дүн өгөхгүй ч сонгогчдын итгэл үнэмшлийг баттай судлах боломж олгодогоороо онцлогтой. Фокус бүлгийн судалгаа дараах зүйлийг тодорхой болгож өгдөг байна. Үүнд:
·         Сонгогчид нэр дэвшигчээс юу хүсч байгаа хийгээд юунаас эмзэглэж, эмээж байгааг:
·         Сонгогчид төр засгийн бодлогын талаар ямар ойлголттой байгаа, нийцэж байгаа эсэх:
·         Сонгогчдын итгэл үнэмшил, үнэлэмж юу болох:
·         Улс төрийн шинжтэй мэдээлэлд хэрхэн хандаж байгаа, ямар аргаар сонгуулийн сурталчилгаа хийвэл үр дүнтэй эсэх. 
Фокус бүлгийн судалгаа тоон судалгаанаас ч илүү нарийвчилсан үр дүн өгдөг сайн талтай. Гэхдээ сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад дээрх хоёр судалгаа нэгэн зэрэг ач холбогдолтой гэдгийг санах хэрэгтэй. 
Өрсөлдөгчөө судална гэдэг нь бүх нам, нэр дэвшигчийн талаар мэдээлэл цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийнэ гэсэн үг юм. 
I.2. ҮНЭЛЭЛТ, ДҮГНЭЛТ
Боломжит бүх мэдээллээ цуглуулсны сүүлээр үнэлэлт дүгнэлт өгч, системчлэх хэрэгтэй. Үнэлгээ хийхэд хамгийн гол нь, танай нэр дэвшигч, түүний өрсөлдөгчийн хүчтэй, сул талыг тодорхойлох явдал юм. Энэ нь танай нэр дэвшигчийн сул тал юу болох, хэрхэн гэтлэх тухайд тактик боловсруулахад дэм болох сайн талтай. Хэрвээ үүнийг эс тооцвол та ямар ч сайн стратеги боловсруулсан амжилт үл олно гэдгийг сана. 
Олон нийтийн санаа бодлыг тандан судлахын ялдар сонгуульд нэр өрсөлдөж буй нэр дэвшигчдийн хүчтэй, сул талыг тодорхойлсны сүүлээр өөрийн стратегиа боловсруулах хэрэгтэй. Стартеги боловсруулах үйл явц нь зорилтот бүлгээ тодруулах, гол асуудлаа томьёолох, кампанит ажлын зорилгоо тодорхойлох, үндсэн стратеги, уриагаа сонгох гэсэн эрэмбэ дараатай таван зүйлээс бүрдэнэ. Одоо эдгээрийг нарийвчлан авч үзье. 
Зорилтот бүлгээ тодруулах: Энэ жил Үндэсний Ардчиллын Хүрээлэнгээс зохион байгуулсан олон удаагийн сургалтын явцад миний бие болон манай судлаачдын баг Оросын улс төрийн намын төлөөлөгчдөөс та нар хэнд хандсан үйл ажиллагаа явуулах бодолтой байгаа юм бэ гэж нэг бус удаа асууж байлаа. Тэдний хариулт маш энгийн. Үйлдвэрийн ажилчид, оюутнууд, эмэгтэйчүүд, тариачид, тэтгэвэрийнхэн гэх мэт Оросын нийгмийн бүх давхаргыг нэрлэдэг байсан. Нийгмийн бүх анги, давхаргад адил тэгш хандах гэсэн иймэрхүү алдааг бид бүгд л гаргадаг. Үнэн чанартаа, улс төрийн стратеги амжилт олохын жинхэнэ шалтгаан нь сонголт хийхэд, тэрхүү сонголтоо бат нотоор хамгаалахад оршдог. Бид нийгмийн бүх анги, давхарга хүнд таалагдсан үйл ажиллагаа явуулах боломжгүй учир сонголт хийх нь зайлшгүй юм. Энэ нь танд болон танай багт зорилтот бүлэгтэйгээ илүү тулж ажиллах боломж олгодог сайн талтай. 
Зорилтот бүлгээ тодруулах нь олон талаар ашигтай. НЭГДҮГЭЭРТ, сонгуулийн кампанит ажлыг уриаг оновчтой сонгох боломж олгодог. Улс төр бол амьдрал юм. Тиймээс ямар ч үед хэнд хандах, юу хэлэхээ мэддэг байх ёстой. ХОЁРДУГААРТ, байгаа хөрөнгөө үр дүнтэй захиран зарцуулах боломж олгодог. Орос мэтийн том орнуудад нийгмийн бүх анги, давхаргад хандсан сонгуулийн үйл ажиллагаа явуулах нь нам, нэр дэвшигчийн хувьд санхүүгийн сүйрэл авчирдаг жамтай. Ингэхлээр, сонголт хийх зүй ёсны шаардлага тулгарч байна. ГУРАВДУГААРТ, зорилтот бүлгээ тодруулах нь сонгуулийн явцад орон нутгийн түвшинд сонгогчдын хүсэл, сонирхолд нийцсэн уриа дэвшүүлэхэд сайнаар нөлөөлөх талтай. Тухайлбал, уриа тэтгэвэрийнхэнд чиглэсэн бол нэр дэвшигч та зөвхөн тэдний тухай л ярих хэрэгтэй. Зорилтот бүлгээ хэдий чинээ тодорхой болгож, уриагаа дэвшүүлнэ, нэр дэвшигчийн зүгээс сонгогчидтой тогтоосон харилцааа төдий хэрээр бат нот байх болно. 
Зорилтот бүлгээ тодруулах нь тодорхой цаг хугацаа, хүчин чармайлт шаардсан ажил юм. Хувь хүний нийгэм, эдийн засгийн байр суурь гэх мэт уламжлалт, тогтвортой үзүүлэлтийн зэрэгцээ үзэл бодол, хандлагатай холбоотой хувьсамтгай үзүүлэлтийг харгалзан үзэх хэрэг гардаг. Тухайлбал, та уламжлалаа дээдэлсэн, үндэсхэрхэг, өөрчлөлтөд мэдрэмж муутай ханддаг бүлгээс дэмжлэг авах хэрэг гарч болно. Эсвэл, бүр эсрэгээр, уламжлалаа хүндэлдэггүй, хэт радикал бүлгийг өөртөө татах, дэмжлэг авах хэрэгцээ ч гарч болно. Тэр бүрд нарийн зохицон ажиллах шаардлага үүснэ.
Зорилтот бүлгээ сонгох, тодруулах нь нарийн төвөгтэй адармаатай үйл явц бөгөөд хамгийн гол нь, та эрүүл, саруул ухаанаар шийдвэрлэх хэрэгтэй. Төгс зорилтот бүлэг гэж байдаггүй. Тиймээс бодит байдалд нийцэх хэрэгцээ урган гарна. Гэхдээ нэр дэвшигч та сонгуулийн явцад хэнд хандахаа мэдэж байвал үр дүнтэй улс төрийн стратеги боловсруулах эхний алхамаа хийчихлээ гэж ойлгож болох юм. 
Гол асуудлаа томьёолох: Сонгуулийн кампанит ажлын явцад хэлбэрэлтгүй баримтлах гол асуудлаа тодорхойлох нь нэн чухал. Энэ танд анхаарлаа төвлөрүүлэх, стратегиа гаргах боломж олгоно.
Зорилго, зорилтоо тодорхойлох: Цааш нь, та сонгуулийн кампанит ажлын явцад юу олж авахыг эрмэлзэж байгаагаа тодлох хэрэгтэй. Нарийн оночилсон зорилгогүйгээр стратеги байх боломжгүй юм. Зорилго системчлэгдэж, хэмжигддэг байх ёстой. Түүнийг хоёр үндсэн түвшинд авч үзэж болно. 
1. Сонгогчдын түвшин. Та бүхэн сонгогчдын хичнээн хувийн санал авахыг хүсч байна вэ? Хичнээн суудал авах боломжтой вэ?
2. Тогтоосон түвшин. Байр суурь, үзэл бодолдоо ямар өөрчлөлт бий болгохыг хүсч байна вэ? Хүчтэй удирдагчийн дүр, эсвэл мөнгөтэй хүний дүр хоёрын аль нь танд илүү ойр байх вэ?.
I.3 СТРАТЕГИА БОЛОВСРУУЛАХ
Одоо та бүхэн сонгуулийн кампанит ажлыг зохион явуулах стратегиа боловсруулах хэрэгтэй. Өрсөлдөгчийнхөө хүчтэй, сул талыг мэдэж байна. Хэнд хандах, ямар тулгамдсан асуудал байгаа, хэрхэн шийдвэрлэхээ ойлгож байна. Одоо та бүхэнд стратеги хэрэгтэй.
Сонгуулийн зорилгодоо хүрэхийн тулд өрсөлдөгчийнхөө сул талыг ашиглан, өөрийн давуу талыг хэрхэн бататгах вэ гэдэгт улс төрийн стратегийн мөн чанар оршдог. Улс төрийн стратеги нь өрсөлдөгчийнхөө сул талыг нээн илрүүлэх, өөрийн эмзэг талыг хамгаалах, өөрийн талаар эерэг мэдээлэл олон нийтэд түгээх гэсэн гурван үйл явцыг өөртөө багтаадаг байна. Стратеги боловсруулах явцдаа саяын дурдсан гурван үйл явцын тэнцвэржилтийг хангах асуудал туйлын чухал. Энд олон тооны хувилбарын тухай ярьж болно. Тухайлбал, нэр муутай нэр дэвшигч өөрийн давуу талаа сурталчилахын оронд өрсөлдөж буй нэр дэвшигчийнхээ итгэл даах чадваргүйг олон нийтэд таниулахад стратегиа чиглүүлж болно. Сонгуульд өрсөлдөж буй бүх улс төрийн нам, нэр дэвшигч өөрийн гэсэн сул тал, эмзэг сэдэвтэй байдаг. Хамгийн гол нь, асуудлыг шийдвэрлэхдээ нөхцөл байдлыг нягт нямбай тооцож үзэх хэрэгтэй. 
Өрсөлдөгч нам, нэр дэвшигчдэд чинь өөрийн гэсэн стратеги, өөрийн гэсэн төлөвлөгөө байдгийг мартаж болохгүй. Өөрийн стратегийг хэрэгжүүлэх явцдаа тэд таны, харин та тэдний үйлдлийг анаж байдаг. Стратеги боловсруулна гэдэг нь сонгуулийн кампанит ажлыг төлөвлөөд зогсохгүй өрсөлдөгчийнхөө үйлдлийг урьдаас тааварлаж, хариу үйлдэл хийнэ гэсэн үг юм. 
Та ямар ч хэцүү зүйлтэй учирсан хэдий чинээ их төлөвлөнө, төдий чинээ ялагдах магадлал бага гэсэн зөвлөгөөг ямагт санаж, сэрж явах хэрэгтэй. 
Цаг хугацааг тооцох: Сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад цаг хугацааг оновчтой тооцох нь туйлын чухал. Өнөө үед сонгуулийн кампанит ажил нь сонгууль болохоос 4-5 долоо хоногийн өмнө эхлэх сонгуулийн урьдчилсан кампанит ажил, сонгууль болохоос 6 сарын өмнөх эхлэх сурталчилгааны кампанит ажил гэсэн хоёр үе шаттайгаар явагдах болсон. Сонгогчдын үзэл бодол, байр суурь хувьсамтгай болсон өнөө үед эртнээс мөрийн хөтөлбөрөө боловсруулж, сонгогчдын үзэл бодолд нөлөөлж байх туйлын чухал. 
Уриа. Уриа бол сонгуулийн кампанит ажлын цохилох зүрх гэдэг нь маргаангүй. Танай нэр дэвшигч сонгогчдод юу амлаж байна гэдгээс илүү чухал зүйл сонгуулийн кампанит ажлын үед байдаггүй. Уриа тогтооход хялбар, энгийн байхаас гадна амны уншлага мэт давтагдаж байх ёстой. Кампанит ажлын явцад өөрийн уриаг солих, өөрчлөх явдал нэр дэвшигчийн зүгээс гаргаж буй хамгийн том алдаа юм. Сүүлийн жилүүдэд улс төрийн уриа агуулгын хувьд ижил, хоорондоо ялгамж багатай болжээ. Нэр муутай нэр дэвшигч өрсөлдөгчөө олон түмний итгэл даах чадваргүй, асуудал шийдвэрлэх чадамжгүй хэмээн сурталчилгаагаа хийх нь их болжээ.
Гэхдээ сонгуулийн кампанит ажлыг зохион явуулахад уриа чухал үүрэг гүйцэтгэж байдгийг санах хэрэгтэй. Сайтар боловсруулсан, амны уншлага мэт давтагдах уриагүйгээр та сонгуульд амжилт олох тухайд санахын ч хэрэггүй юм. 
I.4. СОНГУУЛИЙН КАМПАНИТ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ
Стратегиа боловсруулсны дараа та түүнийгээ сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөнд тусгах шаардлагатай. Сонгуулийн кампанит ажлын төлөвлөгөөнд дараах зүйл багтана. Эдгээрт: 
·         Сонгуульд оролцож буй намуудын үйл ажиллагаанд өгсөн үнэлэлт, дүгнэлт:
·         Сонгуулийн кампанит ажлын зорилго:
·         Зорилтот бүлэг:
·         Сонгуулийн кампанит ажлын стратеги:
·         Сонгуулийн уриа:
·         Харилцааны стратеги:
·         Үйл ажиллагааны график төлөвлөгөө зэрэг орно.

ЭХ СУРВАЛЖ: ФИЛИПП ГОУЛД (1993). СТРАТЕГИЧЕСКОЕ ПЛАНИРОВАНИЯ ИЗБИРАТЕЛЬНОЙ КАМПАНИИ // ПОЛИС, №4, СТР. 134-138.

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...