Monday, June 22, 2015

СТРЕССИЙН ТУХАЙ ОРЧИН ҮЕИЙН ҮЗЭЛ САНААГ ХӨГЖҮҮЛЭГЧ, СТРЕСС МЕНЕЖМЕНТИЙН “ЭЦЭГ”, АНАГААХ УХААНЫ ЭЙНШТЭЙН ГЭГДЭХ ЙОХАН ХУГО БРУНО ХАНС СЕЛЬЕ




Словак улсын Комарно хотноо байрлах Йохан Селье Их Сургууль дах их эрдэмтний гэрэлт хөшөө
Австри-Канадын нэрт эрдэмтэн Хуго Бруно Ханс Селье болбоос мэргэжлийн хувьд эмч нэгэн бөгөөд өнөө цагт стрессийн тухай анхны үзэл санааг хөгжүүлсэн гэдгээрээ дэлхий дахинаа нэр түгжээ. Нэртэй биологич, эндокринологич, патофизиологич бөгөөд Туршилтын Анагаах Ухаан, Мэс Заслийн Хүрээлэн (1976 оноос Олон Улсын Стресс Судлалын Хүрээлэн гэгдэх болсон)-гийн захиралаар ажиллаж байжээ. Амьдралынхаа тавин жилийг тэрээр стрессийн тухай онол боловсруулах, хөгжүүлэхэд зориулсан байна.
Өнөөдөр үндэс угсаа, хөгжил, дэвшил үл хамаарсан дэлхий нийтийн шинжтэй нийгмийн үзэгдэл болох стрессийн тухай асуудлаар 150 мянга орчим судалгааны нэг сэдэвт бүтээлүүд хэвлэгдэн гарчээ. Энэхүү асар хурдацтай хөгжиж буй мэдлэгийн салбарын анхны “шонг” тавилцаж, түүчээлэн хөгжүүлсэн хүн бол Австри-Канадын нэрт эрдэмтэн, судлаач Ханс Селье яахын аргагүй мөн билээ.

Манай Монгол улсын хувьд энэ асуудлыг огт судлаж байгаагүй гэж үзэж болохгүй ч дөнгөж үүсвэрлэх, “соёолж” дэвжих шатандаа байгааг тэмдэглэн хэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл энэ чиглэлд ном зохиолууд туурвих, гадны шидээвэр бүтээлүүдийг эх хэлнээ хөрвүүлэх, дэлхий дахины энэ салбарт хуримтлуулсан ололт, амжилттай танилцах, бүх түвшинд шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажлууд хийх бодот шаардлага байна гэсэн үг юм.
Бруно Ханс Селье 1907 оны нэгдүгээр сарын 26 нд Комарно хотноо (Тэр үеийн Австри-Унгарын, одогийн Словак улсын нутаг дэвсгэрт байрлах хот) цэргийн эмч, мэс засалч Хьюго Ханс гэгчийн гэрт мэндэлжээ. Сельегийн эх Австрийн Ханс удмын хүн байв. Ханс Селье Праг хотноо байрлах Германы Их Сургуулийн анагаах ухааны факультетэд элсэн орж, улмаар Францын нийслэл Париж, Италийн нийслэл Ром хотуудад үргэлжлүүлэн суралцжээ. 22 насандаа эмч болсон тэрээр хэсэг хугацаанд Германы Их Сургуулийн эмгэг судлалын тэнхимд туслах багшаар ажилласан байдаг. 1931 оноос Рокфэллерийн нэрэмжит цалин хүртэж, АНУ-ын Жон Хопкинсийн Их Сургуульд, дараагаар нь, 1932 оноос Канадын МакГиллийн Их Сургуульд тус тус багшлах болжээ. 

2007 он Дэлхийн Стресс Судлалын хоёр дах бага хурал, Унгар улсын шуудангийн марк
1945-1976 оны хооронд Монреалийн Их Сургуулийн Туршилтын Анагаах Ухаан, Мэс Заслийн Хүрээлэнгийн захирал, багшаар ажилласан байна. 1979 оноос судлаач Элвин Тоффлэртэй хамтарч Канадын Стресс Судлалын Хүрээлэнг үүсгэн байгуулжээ. Энэхүү хүрээлэн нийтдээ 40 эрдэм шинжилгээний ажилтантай 15000 гаруй туршилтын амьтан бүхий томоохон лобаритори байсан бөгөөд 1000 орчим судалгааны төсөлт ажил хэрэгжүүлсэн тухай ном зохиолуудад дурдсан байдаг. Харин Селье амьдралынхаа туршид 1700 гаруй судалгааны нийтлэл, 843 орчим өгүүлэл, 15 орчим нэг сэдэвт бүтээл, 7 орчим сурах бичиг гаргасан байх юм. Нэгэн сонирхолтой баримтыг дурдахад, Селье 1949 онд шинжлэх ухааны салбарт Нобэлийн шагналд нэр дэвшиж байсан удаатай.
1926 онд Селье анх удаа хүчтэй нөлөөлөлд автсан амьд биет уг нөлөөлөлд хэрхэн хариу үзүүлж буй асуудлыг авч судлахыг зорьжээ. Олон үүсвэрээр амьд биетэд урхагшин батжих өвчнүүд чухам ямар учраас олон талаараа адил шинжтэй, илрэх хэлбэрүүд нь төстэй байдгийг олж нээх зорилго өмнөө тавьсан байна. Их хэмжээгээр цус алдах гэх мэт онц ноцтой өвчин, эмгэгүүд бий болох үед ямар ч төрлийн амьд биетэд бие тавгүйрхэх, хоол унданд дуршил багасах, судасны цохилт сулрах, үлбэгэр байдал гаргах, жингээ алдах, өнгө зүс гундах зэрэг нийтлэг шинжүүд илэрч байжээ. Эдгээр шинжүүдийг Селье «өвчний эмгэгүүд» хэмээн нэрлэсэн байдаг. Нэгэнт энэ мэт нийтлэг шинжүүд илрээд байхад эмч нар ямар учраас өвчин тус бүрийн илрэх шинж, онцлогийг судлах гэж чармайдаг юм болоо гэсэн асуулт түүний анхаарлын гадуур байж чадсангүй ээ. Харамсалтай нь, түүний судалгаа амьдралын бодот шаардлагаар 10 орчим жил тасалдсан түүхтэй. Дайны өмнөхөн аргагүйн эрхэнд хилийн чанадад дайжиж, Канадад хүрмэгцээ стрессийн анхны системчлэгдсэн үзэл санаа, онолыг хөгжүүлсэн байна.
1936 оны дөрөвдүгээр сард the journal of neuropsychiatry and clinical neurosciences сэтгүүлд 74 хуудаснаас бүрдсэн «Олон үүсгэвэрт эмгэгүүд» ("A Syndrome Produced by Diverse Nocuous Agents") нэрт Сельегийн судалгааны бичвэр шүүдэглэгчийн буланд нийтлэгджээ. Тэрээр уг судалгааны тэмдэглэлдээ анх удаа стрессийн талаарх өөрийн үзэл санааг системчилсэн байна. Аливаа амьд биетэд орчноос үзүүлж буй нөлөөллийг гэтлэн давах тэр үйл явцыг стресс хэмээсэн бол амьд биетийн бие организмд хөнөөлт нөлөөлөл үзүүлэх гадаад орчны сөрөг утгатай нөлөөллийг дистресс (дистресс гэдгийн махчлан буулгавал тамираа барах, зүдрэх, зовох гэсэн утгыг дайдаг), эерэг утгатай нөлөөллийг эустресс гэсэн байдаг. Хэт их бусдыг үзэн ядах эсвээс хэт их гуниглах тэргүүтэн нь дистресс үүсэхэд суурь нөлөө үзүүлдэг. Гэхдээ дан ганц амьдралын талаарх сөрөг мэдрэмж төдийгүй зарим тохиолдолд, эерэг мэдрэмж хүртэл дистрессийг үүсгэх үе байдаг. Санаанд оромгүй ихээр баярлаж хөөрөх эсвэл уйтгарлаж гутах, бусдын голдоо ортол үзэн ядах, амьдралдаа хэзээ ч байгаагүй итгэл найдварыг үүсгэж түүндээ хэт хөөрөх зэрэг нь бүгд дистресс үүсгэх, улмаар үхэлд өртөөлөн хүргэх тохиолдол байна. Хүн баярлах, хөөрөх, бусадтай баяр жаргалаа хуваалцах сайхан. Гэхдээ энэ нь тухайн хүний амьдралд дистресс болон хувирч үхэлд хүргэх үе байна.
Сельегийн гаргасан дээрх санааг Америкийн сэтгэл зүйч Т. Г. Холмс, Р. Рэйн нар өөрсдийн судалгааны ажлаар баталгаажуулж, таатай, таагүй ямар нэгэн хэт сэтгэл хөдлөл хүнд өвчин авчрах үндсэн шалтгаан болдог гэсэн дүгнэлтэд хүрчээ. Үүний талаар олон жишээ татаж болно. Тухайлбал Грегийн суу ухаан, авьяас билгийн од Софокл жүжгийг нь таалсан үзэгчдийн нүргээнт алга ташилтад хэт хөөрснөөс болж бурхны оронд заларчээ. Вавилоныг буулгаж авсан Персийн хаан Ксэркс хэт баярласандаа инээдээ барьж чадалгүй, эрлэгт бараалхажээ. Хэт их баярлахыг хүмүүс сайн гэж үздэг ч бие махбодид муугаар нөлөөлж үхэлд хүргэдэг. Энэ тохиолдолд гадаад орчны тухайн биетэд үзүүлсэн нөлөөлөл нь харагдах байдлаараа эерэг ч (баярлах, хөөрөх гэх мэт) мөн чанартаа үхэлд хүргэсэн сөрөг утгатай нөлөөлөл буюу дистресс болдог байна. Селье үүнийг бие махбодын дасан зохицох эмгэгтэй холбон тайлбарладаг.
Эндээс нэг асуулт урган гарч ирж байна. Ингэхэд стресс гэж юуг хэлэх вэ?
Стрессийн тухай асуудлыг өмнө нь хүн төрөлхтөний түүхэнд хэн ч ингэж бүрэн дүүрэн, үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй учир судлаачдын хувьд “загнатсан газар нь маажих” лугаа адил зүйл болжээ. Сельегийн гаргасан стрессийн тухай үзэл санааг өгүүлэн буй үед ямар нэгэн шүүмжлэлгүй шууд хүлээн авсан гэж үзэхэд бараг хилсдэх зүйл үгүй болов уу. Селье өөрийн сургаалыг батлахын тулд ганц хүн дээр төдийгүй маш олон амьтан дээр туршилт хийжээ. Сонирхолтой нь, түүний анхлан дэвшүүлсэн санааг тэрслэх шүүмжлэх бус, бататган бэхжүүлэх баримт, үр дүнгүүд бий болж байв. Гадаад, дотоод орчны таатай, таагүй нөлөөллөөр амьд биетийн цусанд адреналин их хэмжээгээр ялгарах бөгөөд үүнийг Селье «стрессийн гормон» гэж нэрлэжээ. Хувь хүний зан байдал, биеийн онцлогтой уялдан стрессийн гормон харилцан адилгүй байдлаар илэрдэг. Стресс сөрөг утгаар илэрвэл олон янзын хөнөөлт өвчний эх үүсвэр, үүсгэгч хүчин зүйл болдог. Их хэмжээний адреналин ялгарч гормоны тогтолцоо алдагдах нь хүнд үхлийн аюул авчирч болох юм. Тиймээс аливаа амьд биетэд дасан зохицох чадварыг нэмэгдүүлж дархлаа үүсгэж байх нь чухал. Стрессээс бүрэн ангид амьд биет байдаггүй. Ангид байх цорын ганц агшин бол үхэл юм.
Гэхдээ стрессээс хүн айх хэрэггүй. Хайрлах, дурлах, ханамж авах, бүтээх, туурвих, бусдыг үзэн ядах, гуниж гутрах, уйлж дуулах бүгд стрессээс үүдэлтэй. Хэрэв стресс үгүй бол амьдрал утгагүй болох билээ. Ингэхлээр, сөрөг утгатай стрессийг тайлж чаддаг, эерэг утгатай стрессийг өөртөө бий болгох тэр чадварыг хүнд суулгах хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл хүнд стресс менежмент зайлшгүй хэрэгтэй. Ингэснээр хүн урт удаан наслах, баяр бахдалыг мэдрэх, бүтээл, эрч хүчтэй байх бүрэн боломжтой болдог. 
Хүнд аливаа өвчин эмгэг үүсэхийн цаад үндсэн шалтгаан нь стресс болно. Тиймээс хүнийг бие махбодын хувьд төдийгүй сэтгэл санааны хувьд эмчлэн эдгээх нь илүү үр дүнтэй арга болно гэсэн үнэнд Селье хүрчээ. 

Ханс Селье анагаах ухаан, физиологид томоохон хувь нэмэр оруулсан байна. Стресс, дасан зохицох эмгэгийн онолоос гадна олон чиглэлд өөрийн гэсэн үзэл санаануудыг дэвшүүлсэн байдаг. Ханс Селье олон их сургуулийн хүндэт доктор, олон улсын болон үндэсний шинжлэх ухааны байгууллагуудын нэр хүндтэй гишүүн байв. Дашрамд өгүүлэхэд Чехсловак улсын Брно дах Их Сургууль эмгэг судлалын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүс Сельегийн нэрэмжит шагнал олгож байх уламжлал бий болгосон түүхтэй. Ухамсарт бүхий л амьдралаа Селье стресс судлалыг хөгжүүлэхэд зориулсан байна. Эрин зууны суу ухааны ончтой хэлтэрхий Йохан Хуго Бруно Ханс Селье 1982 оны аравдугаар сарын 16 нд Канадын нийслэл Монреал хотноо 75 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлчихүй.
МОНГОЛ ХЭЛНЭЭ ХӨРВҮҮЛСЭН: УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ДОКТОРАНТ Нямаагийн ОТГОНБАЯР (ОТГОНБАЯР Нямаев)
Политолог ОТГОНБАЯР Нямаев  (родился 13 июнь 1982) -Монгольский политолог, социолог, историк, философ, культуролог, переводчик и исследователь. Он закончил МонГУ со степенью магистра политических наук. С 2005 году ОТГОНБАЯР преподавал в Уланбаторском университетом,  потом перешёл на институт ХАНГАЙ. Сегодня преподаватель ОТГОНБАЯР Нямаев докторант в Академии Государственного Управление.

No comments:

Post a Comment

ЖЕРРИМЕНДЕРИНГ ГЭЖ ЮУ ВЭ?

Жерримендеринг гэдэг нь англи хэлний Gerrymandering буюу сонгуулийн тойрог, сонгуулийн газар зүй гэх үгийн бүтээвэр болно. Сонгуулийн ...